Гео-ТоймДЭЛХИЙ

Зүүний, барууны хүн гэж ӨНӨӨДӨР ХЭН БЭ: Онол, орчин үеийн чиг хандлага

Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн энэхүү нийтлэлийг Үндэсний их баяр наадмын дараах амралтын өдрүүдэд зориулан сэргээн нийтэлж байна.

Зүүний үзэл гэмэгц яагаад либерал гэх үгтэй холбогдож, барууны үзэл гэмэгц яагаад консерватив гэх үгтэй холбогдох болов. Эдгээрийн талаар хөндөхдөө аль аятайхан дуулдаж байгаад бус аль нь үнэн сонсогдож байгаад анхаарах нь зүй.

ЗҮҮНИЙХНИЙ ТУХАЙД

20-р зууны товч тодорхойлолтоор бол улс төрд зүүнийхэн гэмэгц либерал үзэл баримтлалтай хүмүүс, бүлгүүдийг хэлдэг байв. Тэд дэвшилтэт үзэл санааг дэмждэг, улс төр, эдийн засгийн болон нийгмийн бүх талбар дахь эрх тэгш байдлыг эрхэмлэгчид гэх нь бий. Харин хэт зүүний үзэл баримтлалыг дэмжигчид хэт туйлширсан, коммунизм социализмыг дэмжигчид хэмээн үздэг байна. Энэ байр сууриа хадгалагчдийг зүүнтнүүд болон зүүний жигүүрийнхэн гэнэ.

БАРУУНХНЫ ТУХАЙД

Барууныхан гэмэгц зүүнийхнээс эсрэгээрээ буюу консерватив үзэлтнүүдийг хэлнэ. Тэд ерөнхийдөө тухайн цаг үеийнхээ нийгмийн институцийг шинэчлэх бус, уламжлалыг сэргээж өөрчлөлтийг хязгаарлах хандлагатай. Нийгмийн бүх талбар дахь эрх тэгш байдлаас илүүтэй капитализмыг дэмжигчид. 

Харин хэт барууны үзэлтнүүд гэдэг нь экстрем, үндсэрхэг болон дарангуйлагч үзэлтэй хүмүүс багтдаг бөгөөд үүнд нь фашизм болон шовнизм зэрэг багтдаг.

УЛС ТӨР ДЭХ БАРУУН БА ЗҮҮНИЙХНИЙ ҮҮСЭЛ

1789 онд буюу францын хувьсгалын дараа Францын Үндэсний Ассемблэй буюу чуулганд суух эрх бүхий албан тушаалыг баруун жигүүрийнхэн, зүүн жигүүрийнхэн хэмээн байршлаар нь нэрлэдэг байжээ. Танхимын даргалагчийн үүднээс харвал баруун жигүүрт язгууртнууд, өндөр дээд шашны тэргүүнүүд суудаг байсан бол зүүн жигүүрт энгийн иргэд, эрэмбэ доогуур лам нар суудаг байв. Францаар le côté droit буюу баруун гар талынхан илүү харгис үзэлтэй буюу язгууртнуудыг илүү дэмжигчид байсан бол le côté gauche буюу зүүн гар талд радикал үзэлтэй буюу дунд ангийнхныг дэмжигчид зонхилдог байсан аж. Ийнхүү 1790-ээд онд зүүн ба баруун гэх нэршил улс төрийн нэр томъёо хэмээн англи хэл дээр тэмдэглэгджээ.

ТӨВИЙНХНИЙ ТУХАЙД

Францын Үндэсний Ассемблэйд зүүн жигүүрийнхэн болон баруун жигүүрийнхний дунд аль алиных нь үзэл баримтлалыг дагахгүйгээр, аль нэг жигүүрт нь хамаарахгүйгээр суудалтай байсан хүмүүсийг  төвийн үзэлтнүүд гэх болжээ. Тэд аливаа нөхцөлд зүүн,барууны үзэлтнүүдийг илтэд дэмжсэн эсвэл буруутгасан байр сууринаас хандахгүй бөгөөд дундыг баримтлагчид гэвэл зохино. Улс төрд бие даагчдыг ийнхүү нэрлэх нь бий. Зүүн төв гэмэгц зүүн жигүүрхэнд илүү ойр үзэл баримтлалтай авч энэ нь чөлөөт зах зээлийг дэмжихээс бусдаар зүүний үзэл баримтлалыг дэмжигч үг биш. Баруун төвийн үзэл ч мөн адил, эрх тэгш байдлыг дэмжих боловч барууны үзэлтэй гэж ойлгож болохгүй билээ. Мэдээж хэрэг эдгээр ойлголтууд нь аливаа нэг улс орны улс төрийн үзэл баримтлалыг яг ийм гэсэн байдлаар шуудхан тодорхойлчихож буй хэрэг биш.

АНУ-д ихэвчлэн зүүнийхэн бол Ардчилсан нам, барууныхан бол Бүгд найрамдах нам гэж үздэг. Шуудхан ийн оноочихож буй эдгээр улс төрийн баримтлал орчин цагт илүү ярвигтай буюу яг ч ийм шошготой хэмээн ойлгоход хэцүү.

ОРЧИН ҮЕД УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ САНААНУУДЫГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАЖ БАЙНА?

Одоо тэгвэл орчин цагийн үүднээс авч үзье. Бичвэрийн эхэнд ерөнхий бөгөөд уламжлалт ойлголтыг товчхон өгүүлсэн бол энэ удаад орчин үед улс төрийн үзэл санааг хэрхэн тайлбарлаж байгааг олон талаас нь цуглуулж нэгтгээд харъя л даа. Гэхдээ та улс төрд аль нэг үзэл баримтлалыг баримталдаг байлаа гээд эдийн засаг, нийгэмд мөн адил үзэл баримтлалтай байх албагүй гэдгийг ч энд дурьдах нь зөв биз ээ..

Ингээд уламжлалт баруун, зүүн, төвийн үзлүүдээс гадна, либерал, либертариан гэдэг үзлийг нэмэлтээр ярихаас ярихаас аргагүй билээ. Хэдийгээр либералийг зүүнийх мөн либератарианыг барууны үзэл гэж ерөнхийлөөд байдаг ч либертариан хандлага нь уламлжлалт/консерватив барууны үзлээс өөр төдийгүй уламжлалт либерал гэсэн ойлголтууд өнөө цагт өөрчлөгдсөн байна.

Ер нь тухайн хүний ямар улс төрийн үзэл баримтлалтай болохыг сэтгэл зүйн үүднээс нь авч үзэх нь тухайн хүний улс төр төдийгүй нийгэмд хандах хандлагыг бүрэн олж харах боломжтой хэмээн улс төр судлаачид, сэтгэл зүйчид, нийгэм судлаачид дуу нэгтэй хэлэх нь бий. Барууны үзэлтэй хүмүүс нь эрх чөлөөг илүү эрхэмлэдэг бөгөөд өнөө цагийн жишээ гэхэд вакцин, маск хүчээр зүүлгэх болон чөлөөт дуу хоолой хорихын эсрэг бат зогсоно. Харин уламжлалт консервативчууд нь либертарчуудтай адилхан төрийн оролцоог маш бага байх тал дээр дэмждэг ч хуучинсаг үзэлтэй бөгөөд одоо байгаа зүйлсийг өөрчлөх дургүй буюу өөрчлөлтөд дургүй, ёс суртахууны дэг жаяг журмыг зөрчих дургүй байдаг бол либертаричууд эсрэгээрээ ёс суртахуун болон дэг жаягаас зугтаах хандлагатай байдаг. Эдгээр хоёр үзэл мэдээж нийтлэг олон зүйл ихтэй ч консерватив барууныхан эрэмбэ дараа буюу шатлан захирах ёсыг баримталсаар байгаа учир либертарчуудтай хамтарч нэг үзэл санааны дор байж чаддаг. Харин уламжлалт либералчуудын зүүний үзэлтнүүдээс ялгарах хамгийн том ялгаа нь либертариудтай адилхан чөлөөт зах зээл хүний эрх эрх чөлөөнд суурилсан үзэлтэй боловч барууны үзлээс ялгаатай нь зарим зүйлд төрийн оролцоо байхыг дэмждэг төдийгүй тэгш эрх, тэгш боломжийн төлөө дуугардаг. Харин өнөө цагийн төвийн үзэл ярихад жоохон төвөгтэй яагаад гэхээр бидний мэддэг уламжлалт либерал үзэл зүүн төвийн гэж үзэхээс илүүтэйгээр төвийн чиглэл баримжаатай болж ирж байна. Уламжлалт либералчууд нь шинжлэх ухаан, ардчилал, чөлөөт зах зээлд тулгуурласан бол өнөө цагийн либералчууд болох Обама, Клинтон, Байден нар нь илүү зөвшилцөх төрлийн сэтгэл зүйг харуулж байна. Обама хэлсэн алдарт ишлэл ч үүнийг нь бататгах шиг “Улаан Америк эсвэл Цэнхэр Америк гэж байхгүй зөвхөн АНУ улс л гэж байгаа”. Мөн Байден ч гэсэн хоёр нам нэгдмэл байр суурьтай байж чадна гэсэн боловч түүний оролдлого төдийлөн амжилт үзүүлж чадсангүй. Өнөө цагийн төвийн либералчуудын сэтгэл зүйн асуудал нь ямар нэгэн асуудлаас зугтааж аль болох зөвшилцөж тохиролцохыг боддог. Гэвч зүүний үзэлд ч асуудал бий, барууны үзэлд ч асуудал бий. Орчин үед улс төр, эдийн засаг, нийгэм дэх үзэл санаануудын үндсэн чиг бага багаар алдагдаж, хоорондын зөрүү ялгаа нь багасах тусам дийлэнх олонх нь өөрсдийгөө зүүний үзэлтнүүд буюу бүхнийг хүлээн зөвшөөрөгч, тэгш эрх, тэгш байдлыг дэмжигчид хэмээн тодорхойлох атлаа бодлогын түвшинд бүхнийг эсэргүүцэгч, тэмцэгч, таслан зогсоогч байх нь тэдний үзэл санаа, үйл хэргийн зөрүү хол байгааг харж болно. Нийгмийн сэтгэл судлаачид орчин үед өөрийгөө зүүний үзэлтэн хэмээн тодорхойлох болсон нийгмийн хэсэг бүлгүүдийн дунд хийсэн сэтгэл зүйн судалгаанаас дараах шинжүүд нь орчин үеийн зүүнийнхний дунд зонхилж байгааг тодорхойлжээ.

ОРЧИН ЦАГИЙН ЗҮҮНИЙ ҮЗЛИЙН /ЛЕФТИЗМ/ СЭТГЭЛ ЗҮЙГ ОЙЛГОХ ГЭЖ ХИЧЭЭХ НЬ

Ялангуяа өнөө цагийн барууны үзэлтнүүд болон улс төрийн сэтгэл зүйчид орчин цагийн зүүний үзэлтнүүдийг дараах байдлаар шүүмжлэлтэй авч үздэг. Тухайлбал, маш олон зүүний үзэлтнүүд өөрсдийгөө дарлагдаж байдаг гэсэн бодол хандлагатай байдаг хэмээн хатуухан хэлэх нь бий. Мөн,

  • Лефтизм нь сэтгэл зүйн олон талт шинжийг өөртөө агуулдаг. Тухайлбал, социализм, коллективизм, феминизм, радикал, эктивизм /ЛГБТ, амьтны эрх/
  • Лефтизмд “өөрийгөө дорд үзэх”, өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал, хүч чадалгүй байдлын мэдрэмж, гэмшил, өөрийгөө үзэн ядах мэдрэмжүүд зонхилно.
  • Хэт мэдрэмтгий байдал буюу үндэс угсаа, хүйс, хөгжлийн бэрхшээл, уламжлалт соёлд ихээр ажиглагдах
  • Зүүнийхэн яагаад барууны үзэлтнүүдтэй таардаггүй шалтгаанд тэдний хэт амжилттай байдал хэмээн хариулдаг. Тэд барууны улс орнуудын империализм, милитаризм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг буруушаах мөртлөө социалист улс орнууд болон балар эртний соёл иргэншлийн асуудлуудыг нүдээ аниад өнгөрөөдөг.
  • Тэд хувь хүний бие даасан байдал, санаачлага, өөдрөг үзэл санааг үгүйсгэдэг. Учир нь тэд хувийн ур чадвар муутай учир коллективизмыг дэмждэг.
  • Тэд өөрсдийгөө дорд мэдрэх мэдрэмжээс үүдэн бодит байдал, шинжлэх ухаан болон учир шалтгаан руу дайрч үгүйсгэдэг.
  • Мөн зүүнтнүүд өөрсдийгөө үзэн ядах мэдрэмж ихтэй. Иймээс тэд эсэргүүцлээ илэрхийлэхдээ мазохист арга тактикыг сонгох буюу жишээлбэл жагсаалын үеэр тээврийн хэрэгслийн урд хэвтэх зэргээр энэ байдал нь илэрдэг.
  • Тэдний мотиваци нь энэрэн нигүүлсэх, ёс суртахууны зарчим бус өшөөрхсөн, хонзогносон сэтгэл байх нь бий.
  • Нийгэмд ямар ч асуудал байхгүй байсан зүүнийхэн бий болгож чадна.
  • Зүүний үзэлтнүүдийн хувьд бусдыг ичээх замаар хийж буй үйлдлүүд нь эсрэгээрээ өөрсдөд нь ч сөргөөр нөлөөлдөг. Зүүнтнүүд хүмүүсийг ичгэвтэр байдалд оруулах гэж улайрах нь улмаар тэднийг хэт нийгэмшихээс айх, нийгмийн моралын өмнө хүчгүйдэж буй мэдрэмжид хүргэхээс гадна өөрийгөө үзэн ядахад хүргэдэг. Энэ нь сэтгэл зүйн хувьд хамгийн хорон үйлдэл юм.
  • Олонд танигдсан, бусдад нөлөөлөгч зүүнтнүүд нь ихэнх нь дундаас дээш давхарга болон их сургуулийн сэхээтнүүд байдаг. Яагаад гэвэл тэд маш олон хүнтэй харилцаж илүү нийгэмшсэн байдаг учир зүүний үзэлтэн болсон байх нь бий.
  • Хэт нийгэмшсэн зүүнийхэн нийгмийн сэтгэл зүйн хамаарлыг эвдэх гэж оролддог ч тэмцдэггүй. Эсрэгээрээ тэд дасан зохицдог атлаа үргэлж шүүмжилж байдаг.

Зүүнтнүүдийн нийгмийн сэтгэл зүйг авч үзэх болсон шалтгаан нь өнөө цагт дэлхий даяар өөрсдийгөө зүүнтнүүд гэж нэрлэсэн бүлгүүд зонхилох болсон тул тэднийг илүү сайтар ойлгож нийгэмд шууд болон шууд бус ямар үр дагавартай вэ гэдэг асуултад хариулах шаардлага гарч ирж байгаатай холбоотой. Түүнээс биш зүүнтнүүд гэж ийм хүмүүс байдаг гэж шууд тодорхойлолт өгөөд өнгөрөх нь хэтэрхий өнгөц бөгөөд бүдүүлэг явдал болно.

УЛС ТӨРИЙН ЗҮҮН БОЛОН БАРУУНЫ ҮЗЛИЙН ТӨСӨӨТЭЙ ТАЛУУД

Хэдийгээр баруун болон зүүний үзлүүдийн хооронд санал нийлэх ямар нэгэн зүйл байх бараг боломжгүй томоохон ялгаатай ч зарим нэгэн ижил төстэй талууд ч бас бий. Ижил төстэй гэхээсээ илүүтэйгээр дэндүү ялгаатай байдал нь тэднийг ижилхэн болгодог гэвэл зохилтой.

Эхний төсөөтэй байдал нь тэд ижил ёс суртахууны уур хилэгнэлтэй. Энэхүү хүчтэй ёс суртахууны уур хилэн нь тэдний абсолютист болгодог. Тэд ямар ч эргэлзээгүйгээр өөрсдийн зорилгодоо үнэнч итгэгчид болдог. Бусад хүмүүсийг үзэл санаагаа худалдагчид гэж харцгаадаг. Ингэж жигшиж зэвүүцдэг хүмүүст нь ижилхэн үзэл хандлагатай хүмүүс хүртэл багтдаг. Түрүүн дурдсанчлан уламжлалт/консерватив барууныхан либертарианчуудаас ялгагдаж, либералчууд зүүнтнүүдээс ялгардаг. Мөн үүгээрээ ч либерал болон либертаричуудын төстэй байдал нь илэрдэг.

Мөн энэхүү ёс суртахууны хилэгнэл нь хоёр дахь төсөөтэй байдлыг бий болгодог нь тэд бүх зүйлийг асар том хямрал руу хурдалж байна гэж үзэцгээдэг. Бүх зүйл тэвчихийн аргагүй болж, цаашид үүнийг үргэлжлүүлэн хүлцэх аргагүй болсон гэсэн ижилхэн мэдрэмжтэй. Энэхүү хямралыг барууныхан өсөн нэмэгдэж буй ёс суртахуунгүй байдал, доройтол гэж тодорхойлдог бол зүүнийхэн тэвчишгүй тэгш бус байдал, авлига шударга бус байдал гэж тодорхойлдог. Сонирхолтой нь аль аль талууд нь хэрвээ өөрсдийнх нь хүссэнээр явбал бүх зүйл сайхан болно гэдэгт бүрэн итгэдэг.

Гуравдугаарт, өнөөгийн нийгмийн бүтцийг ижилхэн авч үздэг. Харин ялгаатай тал нь тэдгээр бүтцийн сайн муу дүрүүд нь хэн бэ гэдэг нь маш өөр. Жишээлбэл:

  • Бидэн шиг дундаж давхаргын ажилсаг сайхан сэтгэлтэй хүмүүс энэ нийгмийг авч явж байгаа боловч бидэнд эрх мэдэл дэндүү бага эсвэл байхгүй байна гэцгээдэг. Барууныхны хувьд эдгээр сайн хүмүүс нь жижиг бизнес эрхлэгчид, тариаланчид болон цагаан захтнуудыг хэлдэг бол зүүнтнүүдийн хувьд хар ажилчид буюу үйлдвэр болон тариалангийн ажилчдыг голчлон хэлдэг.
  • Маш чухал ажилсаг сайн хүмүүс ч бидний дээр суух цөөн хэдэн хүмүүсийн мөлжлөгт өртдөг. Барууныхны хувьд эдгээр муу залуус нь хүнд сурталтнууд, олон улсын санхүүчид, ухаантай царайлагчид болон либералчуудыг хэлдэг бол зүүнтнүүдийн хувьд капиталистуудыг хэлдэг.
  • Түүгээр ч барахгүй, бидэн шиг нийгэмд сайн сайхан зүйлд хувь нэмрээ оруулдаг хүмүүс залхуу хойрго нийгэмд тусгүй хүмүүстэй тэмцэх ёстой гэцгээдэг. Барууныхны хувьд муу хүн нь нийгмийн халамжийнхан болон зарим улсад өнгөт арьстнуудыг хэлдэг. Харин зүүнийхний хувьд хайхрамжгүй, гэнэн итгэмтгий люмпэн хүмүүсийг хэлдэг байна.
  • Өнөөгийн төрийн нөхцөл байдал нь сайн, хөдөлмөрч хүмүүст шударга бус байгаа учир бид уурлах эрхтэй бөгөөд ниймгийн шинэ дэг журам өөрчлөлтийг бий болгохын тулд бид зохион байгуулагдах ёстой. Энэ нь барууныхны хувьд эрэгтэйчүүд давамгайлсан жижиг бизнес, жижиг төрийн оролцоотой байхыг хэлдэг бол зүүний үзэлтнүүдийн хувьд эдийн засаг, хүйс, арьс өнгөний тэгш байдалд шилжих гэсэн үг юм.

Үүнээс харахад хэт туйлширсан улс төрийн бүлэглэлүүдийн мөн чанарууд нь өөр ч дэвшүүлж буй асуудлуудаараа маш ижилхэн болохыг олж харах боломжтой байна.

Философич, идеологич Силван Томкинсийн нэгэн сонирхолтой туршилтаар барууныхан, зүүнийхний хандлагын ялгааг тодорхойлохдоо “тоог олж нээсэн үү эсвэл бүтээсэн үү” гэх маягийн хос асуултуудыг хүмүүсийн дунд тавьжээ. Түүний таамаг дагуу хүмүүсийн хорвоо ертөнцийг харах хандлага нь ямар байгаагаас хамаарч тэд хариулцгаав. Тоотой холбоотой асуултад зүүнийхэн ихэвчлэн “тоог бүтээсэн” гэж хариулсан бол барууныхан “олж нээсэн” гэж хариулах нь элбэг байжээ. Мөн үүнтэй нэгэн адилаар хүүхэд өсгөн хүмүүжүүлэх тал дээр барууныхан хатуу чанга арга барилтай бол зүүнтнүүд хүүхдийг цэцэг шиг үздэг ба тэжээж дэмжих байдлаар өөрөөр нь өсгөж томруулах хандлагатай. Мөн хүмүүсийг ерөнхийд нь мөн чанарын хувьд “сайн” эсвэл “муу” аль нь вэ гэж асуухад баруун чиг хандлагатай хүмүүс муу гэсэн бол зүүнийхэн сайн гэж хариулах нь элбэг байжээ. Хүмүүсийн мөн чанарыг асуусан энэ асуултын хариултаас тухайн хүн өөр бусад асуултад хэрхэн хариулж болохыг таамаглахад илүү хялбар байсан бөгөөд энэ асуулт нь тухайн хүнийг ямар үзэл бодол чиг баримжаатайг баримжаалах хамгийн их боломжтой асуулт гэж хэлж болохоор байна. Тэрээр энэ асуулгын дүгнэлтээ эсээ болгож бичсэн бөгөөд эрдэм шинжилгээний салбар шинжлэх ухаан бүр тэр тусмаа салбар доторх судалгааны чиглэлээрээ хүртэл ялгараад зүүн барууны чиг баримжаатай байдгийг харуулсан байдаг. Мөн зөвхөн баруунтан гэлтгүй дийлэнх хүмүүс тодорхой хүчтэй үзэгдлүүдийг удирдах шаардлагатай гэж үзсэн, мөн зөвхөн зүүнтнүүд гэлтгүй бүгд шахуу шинийг илэрхийлж эрсдэл хүлээх хүсэл зоригтой байгааг судалгаа нь харуулсан. Өөрөөр хэлбэл цэвэр баруунтан эсвэл зүүнтэн байдаггүй бөгөөд дийлэнх хүн энэ хоёр үзлийн дунд савлаж байдаг гэжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-06 10:02

Юу ч мэдэхгүй. Баахан юм хольж хутгаад нийтэлсэн юмуу даа. Зүүнүүд нь сэтгэл гутр�##�тай, өөрсдийгөө үзэн яддаг ч гэнэ үү, барууныхан өөртөө итгэлтэй ч гэнэ үү. Одоогийн сэтгүүлчид гэж элгийн амьтад юмаа.

Зочин
Зочин
2023-07-15 09:50
Reply to  Зочин

Зочин та өөрөө айхтар хуучинсаг бнаа !!!

Холбоотой мэдээ

Back to top button