Б.Баттөмөр: Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш монголын ард түмэн байгаа

Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор Үндсэн Цэцийн гишүүнд О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг томилох тухай сонсголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар: ҮХЦ-д нэр дэвшиж байгаа гурван хүнийг дэмжиж байна. О.Мөнхсайхан доктор Үндсэн хуулиар мэргэшсэн цөөхөн хүмүүсийн нэг.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: ҮХЦ-ийн сүүлийн үеийн шийдвэрүүд УИХ болоод олон нийтээр шүүмжлүүлэх болсон. Манай гурван гишүүн ҮХЦ-ийн гишүүн томилогдвол ямар зарчим барьж, хэрхэн яаж ажиллах бодлого төлөвлөгөөтэй орж ирсэн бэ. Ерөнхийлөгч онол, практикийн туршлага сайтай Э.Энхтуяаг нэр дэвшүүлж байна. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэйгээс нэг нь л эмэгтэй.
Нэр дэвшигчид асуултад хариулт өгч байна.
- УИХ-аас нэр дэвшигч Л.Өлзийсайхан: Үндсэн хуулийн зорилго, зориулалт гэдэг бол хүн эрх, эрх чөлөөг хамгаалах төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Тийм учраас Үндсэн хуульд шингэсэн үзэл санаа, заалт, хэм хэмжээ агуулгыг тайлбарлан хамгаалдаг, оюун ухааны онолын шүүх бол ҮХЦ гэж үздэг. Нэгт, Үндсэн хуулийн зарчимд үнэнч ажиллана. Хоёрт, Үндсэн хуульд үнэнч ажиллана. Мөн мэргэжилдээ үнэнч, бусад хүнээс хараат бусаар ажиллана" гэлээ.
- Ерөнхийлөгчөөс нэр дэвшигч Э.Энхтуяа: ҮХЦ-ийн гишүүнээр хэрэв ажиллавал Үндсэн хуулийг чандлан сахиулах чиг үүргийнхээ хүрээнд хууль дээдлэн ажиллана. Хуулийн салбарт 23 жил ажиллахдаа хууль дээдлэх зарчмыг баримталж ирсэн. Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөөг бататгасан, үндэсний тусгаар тогтнол суурь харилцааг зохицуулсан улстөрийн чухал баримт бичиг. Монгол Улсын үнэт зүйл болсон хуулийг чандлан сахиж, хууль дээдлэн ажиллана" гэлээ.
- УДШ-ээс нэр дэвшигч О.Мөнхсайхан: Өмнөх үнэт зүйлүүдээс ялгаатай хамгийн гол нэг шинж бол Үндсэн хуулийг тунхаг төдий биш бодит амьдрал дээр хэрэгждэг баталгааг бүрдүүлсэн. Энэ нь ҮХЦ. Хууль тогтоогчид хүний эрхийг болон эрх зүйт төрийн зарчмыг баталгаатай хэрэгжүүлэх механизм байдлаар бүрдүүлсэн. ҮХЦ-ийн гишүүнээр миний бие томилогдвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан чадвараа дайчлан ажиллаж, Үндсэн хуульд захирагдаж, хараат бус төвийг сахиж ажиллана гэж бодож байгаа. ҮХЦ бол алганд багтсан Монгол Улс. Тиймээс хамгаалж, бэхжүүлж, хараат бусаар төвийг сахиж ажиллана" гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж байна. ҮХЦ-д орж ирж байгаа энэхүү цус сэлбэлт болгож байгаа хүмүүсийн сонголт зөв болжээ гэж үзэж байна. ҮХЦ-ийн тухай хууль 1992 онд батлагдсан. 11 удаа өөрчлөлт орсон. ҮХЦ-ийн үйл ажиллагаа боловсронгуй болгох, хууль дээдлэх зэрэг зарчмууд хуульд нь тусаагүй байдаг. ҮХЦ-ийн зарим шийдвэр захиалгатай. Албан тушаалтнуудын үүрэг даалгаврыг биелүүлдэг. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих. Гэтэл үүнийгээ умартчихсан. ҮХЦ-д ажилладаг зарим гишүүд "Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг" гэж ярьдаг юм билээ. Тийм юм байхгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр монголын ард түмэн байгаа. Үүнийг санаж ажиллах ёстой. ҮХЦ-ийн гишүүд боломжийн цалинтай. Том өрөөнд сууж, том машин унадаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн ахуй хангамж багадаагүй. Нэмэгдэж байгаа цалингаасаа татгалзах хэрэгтэй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.