ДЭЛХИЙ

Өмнөд Солонгос 2025 оноос хувийн дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсооно

БНСУ-ын Боловсролын сайд Ёо Юн Хэ өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ 2025 оны тавдугаар сараас эхлэн бүх тусгай төлбөртэй, элит дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа танилцуулжээ. “Бүх хувийн, гадаад хэлний болон олон улсын дунд сургуулиуд бүгд нэгэн ижил, энгийн сургалттай болж өөрчлөгдөнө” гэж тэрбээр хэлсэн байна.

Эл шийдвэрийн дагуу одоогоор үйл ажиллагаа явуулж буй бүх хувийн өмчийн дунд сургуулиуд 2024 он хүртэл хэвийн ажиллах боловч, 2025 оны гуравдугаар сараас эхлээд өөрсдийн нэр, хөтөлбөрөө хэвээр хадгалж, харин улсын сургуулиудтай ижил нөхцөлөөл сурагчдыг элсүүлэх аж. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Өмнөд Солонгосын нийт сурагчдын 4 хувь нь хувийн өмчийн сургуульд суралцаж байна. Мөн тус улсад орон даяар 79 ширхэг хувийн сургууль үйл ажиллагаа явуулдаг юм.

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тэд боловсролын систем дэх тэгш бус байдал ирээдүйд нийгмийн ялгаатай анги давхарга бий болгох нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй холбоотой гэж тайлбарлажээ. Сүүлийн жилүүдэд тус улсад өндөр төлбөртэй, элит хувийн сургууль төгссөн сурагчид их, дээд сургууль болон коллежид элсэх, ажилд ороход илүү давуу байр суурь эзлэх болсныг иргэд шүүмжлэх болсон билээ.

2025 оноос хэрэгжих шийдвэртэй уялдуулан бүх улсын сургуулиудын хөтөлбөрт шинэчлэл хийж, шинэ системийг нэвтрүүлж ажиллах юм байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button