Сурвалжилга, Нийтлэл

СУДАЛГАА: Их, дээд сургуулийн орчинд бэлгийн дарамт ихээр үйлдэгддэг

Eguur.mn сайт ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хэрэг анхлан гарах үед ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртдөг монгол эмэгтэйчүүдийн асуудлыг кейс, тоо баримт дээр суурилан сөхөж тавьсан. Харин энэ удаагийн залгамж нийтлэлээр тэдгээр ажлын байран дахь бэлгийн дарамт ихэвчлэн ямар чиг үүрэг бүхий албан байгууллагуудад үйлдэгддэг, түүнчлэн холбогдох байгууллагууд энэ талын дотоод журам зохицуулалтыг хэрхэн авч хэрэгжүүлдэг талаарх судалгааг танилцуулж байна. Ингэхдээ ХЭҮК-ийн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2019 оны 18 дахь илтгэлийг сурвалж материал болгон ашиглав.

-БОЛОВСРОЛЫН БА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН САЛБАРТ БЭЛГИЙН ДАРАМТ ИХЭЭР ҮЙЛДЭГДДЭГ ҮҮ -

ХЭҮК есөн байгууллагын 1120 хүнийг (407 буюу 36.6 хувь нь эмэгтэй) судалгаанд хамруулж, тухайн албан байгууллага дахь бэлгийн дарамтад холбогдох нөхцөл байдалд үнэлгээ хийсэн байдаг. Үүнд, Батлан хамгаалах салбарын хоёр байгууллага (Зэвсэгт хүчний ..., ...-р анги), Хууль сахиулах салбарын хоёр байгууллага (ШШГ Хорих ..., ...-р анги), Мэргэжлийн хяналтын нэг байгууллага (МХЕГ), Боловсролын салбарын дөрвөн байгууллага (АШУҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС)-ыг хамруулсан байна.

Судалгаанд оролцогчдоос ажлын байран дээр бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гарч байсан эсэхийг тодруулахад,

  • Батлан хамгаалах салбар – 28 тийм, 168 үгүй
  • Хууль сахиулах салбар – 15 тийм, 91 үгүй
  • Мэргэжлийн хяналтын салбар – 20 тийм, 66 үгүй
  • Боловсролын салбар – 113 тийм, 480 үгүй гэсэн хариу өгчээ.

Боловсролын салбар-ын хувьд ажлын байран дээр бэлгийн дарамтад холбогдох үйлдэл гарч байсан гэж 113 хүн хариулсан нь дээрхээс хамгийн олонд тооцогдох юм. Мөн түүнчлэн хариултыг эзлэх хувиар нь ялгавал, нийт оролцогчдын 20 хувь “тийм” гэж хариулсан нь Мэргэжлийн хяналтын салбар-т хамгийн их бэлгийн дарамтад холбогдох үйлдэл гардаг гэсэн дүгнэлтэд хүргэх боломжтой.

-ИХ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ ХИЙСЭН ГАНЦААРЧИЛСАН ЯРИЛЦЛАГААС...-

Кейс: ...Манай байгууллага дээр 2018 онд хүчингийн хэрэг гарч байсан. Хэрэгт холбогдох этгээд одоо ажлаа үргэлжлүүлж хийгээд явж байгаа нь сэтгэлзүйн хувьд хэцүү байдаг. Ийм явдал дахин гарахын үгүйсгэхгүй. Ажлын байран дээр бэлгийн харьцаанд орж байсан, түүнийг нь мэдсэн хүмүүс байдаг ч арга хэмжээ авч байгаагүй. Дээрх шалтгаанаар ажлын бус цагаар, ялангуяа оройн цагаар сууж ажиллахад түгшүүртэй байдаг.

Эндээс тухайн байгууллагад бэлгийн дарамтад холбогдох үйлдлүүдэд хандах арга хэмжээ, дотоод зохицуулалт дутагдаж байгаа нь харагдана. Тэгвэл, ХЭҮК-ийн 2018 онд хийсэн судалгаагаар салбар бүрийн /МХГ, БТСГ, ХХААГ, ГБХЗХГ гэх мэт/ 246 байгууллагаас 179 нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй буюу хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн үр дүн гарчээ.

Мөн “Ажлын байран дээрх бэлгийн дарамтад өртсөн талаар гомдол гаргаагүй” гэсэн 446 хүний хариулт дээр анализ хийхэд, “Хаана хандахаа мэдээгүй, хамт олны дунд нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй-дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй, эрх зүйн орчин байхгүй” эсэн хариултууд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа нь уг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг илтгэж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-22 17:52

Odbayriig unagahiin tuld zohiomloor yahaas ch butsahgui

Холбоотой мэдээ

Back to top button