Нийгэм мэдээ

Ханш нээх энэ өдөр зул өргөх нь цаглашгүй тустай

Луу жилийн ханш нээх өдөр өнөөдөр буюу аргын тооллын 4 сарын 4, билгийн тооллын хаврын дунд сарын 25-ны шар нохой өдрийн 15 цаг 5 минутад тохиож байна.

Эл өдөр хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь буюу билгийн тоолол хаврын дунд үед, аргын тоолын дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ.

Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Энэ өдөр зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээдэг. Зул нь гэрэл гэгээ, гал, хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой.

Энэ өдрийн цаг агаар, байгаль орчны үзэгдлээр ирэх улирлын өнгийг шинждэг.

  • Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно
  • Амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэхэд булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна
  • Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно
  • Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж
  • Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг

Монголчууд ханш нээх зан үйл хийдэггүй ч сүүлийн жилүүдэд өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг болсон. Энэхүү ёсыг Дорно зүгийн ард түмэн мөрддөг байжээ. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байна. Өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд шатаадаг. Үүнийгээ сүнсийг нь төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлэгдсэн сайн үйл гэж үздэг.

Нэрний хувьд Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улирал эхлэ­хээр газар гэсэж, тариа­лан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан учраас Ханши хэмээн нэрлэх болжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button