Moshi 247: Контент бүрдээ мессеж шингээхийг хичээдэг

Өнгөрсөн жилээс эхлэн хамтарч цахим орчноо эерэг, гэгээлэг олон арван бичлэг, контентыг бүтээдэг "Мoshi 247"-той ярилцлаа. Тэд +18 комеди контент бүтээдгээрээ бусдаас ялгаатай юм.
-Бид хоёр хосууд биш, хамтрагчид-
-Та хоёрыг ихэнх хүмүүс "Moshi 247"-оор нь л таньдаг байх. Манай уншигчдад өөрсдийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Б.Мөнхдэлгэр гэдэг. Ихэвчлэн Дээгий гэж дууддаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ЕБС-иа төгссөн. 2016 онд СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчний чиглэлээр төгссөн. Гурван мэргэжлээр төгссөн учраас дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ. Өнгөрсөн жил "Моshi 247" хуудсыг нээсэн.
-Намайг Т.Сүбэдэй \Сүбина\. Унаган хотынх. 2013 онд Хөгжим бүжгийн коллежийг лимбэчин, хөгжимчний мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш гадаадад амьдарч байгаад өнгөрсөн жил Монголдоо ирсэн.
-"Moshi 247" цахим хуудсыг хэзээнээс нээж, хэрхэн хамтарч ажиллах болсон бэ?
-Б.М: Энэ хаягаа нээгээд нэг жил болох гэж байна. Анх “Хамтарч ажиллах жүжигчин шалгаруулж авна” гэсэн зар тавихад Т.Сүбэдэй надтай холбогдсон. Тухайн үед маш олон хүн холбогдож байсан ч хамтрагч маань өөртөө их итгэлтэй байгаа нь чатны цаанаас мэдрэгдэж байсан. Тэгээд цаг товлоод уулзахад ажилсаг, цэвэрч ер нь хөдөлгөөнтэй залуу байсан. Хөдөлмөрч гэдэг нь эхний уулзалтаас мэдэгдсэн болохоор шууд л хамтарч ажиллаж эхэлсэн.
-Т.Сүбэдэйгээс асуухад, та хөгжимчин хүн шүү дээ. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Т.С: Бага байхаасаа кино их үздэг хүүхэд байсан. Өөрийгөө жүжигчин болоод кинонд дүр бүтээж байна гэж их төсөөлдөг байсан. Гэсэн хэдий ч бүрэг ичимхий байсан учраас энэ мөрөөдөл минь бүтэхгүй гэж боддог байлаа. Их сургуулиа төгсөөд гадаадад амьдраад Монголд ирэхдээ гэнэт л бага насныхаа мөрөөдлийг биелүүлэх зориг орсон. Тийм учраас анх хамтрагчтайгаа холбогдоод, жүжигчин болохоор шийдсэн. 26 насандаа л өөрийгөө шинээр бүтээж, өөртөө итгэлтэй болж эхэллээ дээ. Хамгийн анх камерын урд гарахдаа үгээ тод хэлж чаддаггүй, нүд өөр тийшээ гүйгээд их хэцүү байсан. Одоо бол үгээ тод хэлээд, камертайгаа харьцаж эхэлсэн. Дээгий маань зааж, зөвлөсөөр байгаад одоо сайжирч байна.
-Анх камерын өмнө гарах ямар байсан бэ, одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Т.С: Камертайгаа харьцаж сураагүй учраас нүдний харц ийш тийшээ гүйгээд, хэл ам ээдрээд, үгээ тод хэлж чаддаггүй байсан. Харин хамтрагч маань мэргэжлийн жүжигчин учраас надад их зааж, зөвлөсний дүнд сайжирсан гэж боддог.
-Б.М: Үзэгчид маань хүртэл сайжирсан байна гээд магтдаг болсон. Тэгэхээр хүмүүсийг анзаарах түвшинд өөрчлөгдөж чадсан байна шүү дээ.
-Хүмүүс биднийг амар хялбар аргаар, мөнгө олдог алиа салбадай гэдэг. Үнэндээ маш их хөдөлмөр зарцуулдаг-

-Хүмүүс та хоёрыг хосууд гэж андуурдаг уу?
-Зарим хүмүүс хосууд гэж андуурах үе байна аа. Гэхдээ бид хоёр хосууд биш ээ. Маш сайн хамтрагчид.
-Хамтарч ажиллахад маргалдах үе гарч байсан уу?
-Б.М: Үгүй ээ. Гэхдээ одооноос бол контентын санаанаас болж, санал зөрөлдөх үе гарна. Гэхдээ энэ нь тийм ч том асуудал биш ээ. Харин ч надад их түшигтэй санагддаг. Толгой дотор байгаа санаагаа зөвлөлдөж байж, баяжуулж, арвижуулах хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид хоёр санал зөрөлдсөн ч авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, эцсийн дүндээ сайн контент гаргахаар ажилладаг.
-Контентын санааг хэрхэн гаргаж, хэдий хэр хугацаанд бүтээдэг вэ?
-Б.М: Миний өнчин тархины жижигхэн хэсэгт элдэв санаа оноо, сонин хачин үг, хэллэг гаргадаг хэсэг байдаг гэж боддог.
Гэхдээ бас сошиал орчинд маш олон хүмүүс үзэх учраас үг хэл, үйлдэл дээрээ анхаарч цензур тавьдаг. Сурталчлах бүтээгдэхүүнээ хүртэл маш сайн судалдаг. Одоо цахим хэрэглээ эрчимтэй хөгжсөн учир зарим тохиолдолд гадаадын контентын санааг хөрсөн дээрээ буулгаж, хүмүүст хүргэх үе гардаг.
Бидний бүтээж байгаа рийлс болон бичлэгт нэг минут 30-аас эхлээд гурав, дөрвөн минут байдаг. Хэдий богино с гэсэн хамгийн багадаа 10 гаруй цагийг зарцуулдаг. Нэг сценыг арван удаа дахиж, бичих үе зөндөө л гардаг. Жаахан хүүхэдтэй хамтарвал бүр маш их цагийг зарцуулдаг.
Маш их цаг заваа гаргаж, контент бүтээж байхад хүмүүс “Амар хялбар аргаар мөнгө олох юм, алиа салбадай нар” гэдэг. Үнэндээ амар биш ээ.
-Та хоёр хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Т.С: Эхэндээ нэг нэгэнгүй уншаад, жаахан сэтгэлээр унадаг байсан. Одоо бол хүмүүс муухай сэтгэгдэл бичиж л байдаг юм гээд тоодоггүй. Гэхдээ ер нь хүмүүс ямарваа нэгэн бичлэг үзснийхээ дараа маш их шүүлтүүртэй ханддаг болох хэрэгтэй. “Энэ ямар бүтээлч, бичлэг вэ” гээд үнэлдэг. Гаргасан өөрчлөлтүүдийг ойлгож, мэдэрч сурвал их хэрэгтэй. Тэгэхгүй бол хувь хүнийг гутаан доромжилсон үгсийг маш их бичдэг. Уншихаар сэтгэл өвтгөм хараалын үгийг ч их бичдэг шүү дээ. Бидэнд ухаалаг шүүмжлэл хэрэгтэй. Хаана алдаж байна, юуг, хэрхэн өөрчлөх вэ, гээд маш их хөгжинө шүү дээ.
-Нэг бичлэгийн ард хэдэн хүнтэй баг ажилладаг вэ?
-Т.С: Манай багийнхан ёстой бор зүрхээрээ. Б.Мөнхдэлгэр маань зохиолын санаа болон найруулгаа бичнэ. Би хүмүүстэйгээ холбогдоно. Бичлэгт хэрэгтэй зүйлсээ эрж хайна, цуглуулна гээд ажил ихтэй. Эхэндээ бид хоёр нэг нэгнийхээ бичлэгийг хийдэг байсан бол одоо зураглаачтай болсон. Энэ маань том амжилт шүү дээ. Гэхдээ ер нь өөрсдийнхөө зорьсон юмыг өөрсдөө хийнэ гэдэг бол хамгийн том сэтгэл ханамж юм шиг санагддаг.
-Одоо үеийн залуучууд гэр бүл төлөвлөлтийг анхаардаггүй. Контентоороо дамжуулан хосын харилцаа, гэр бүл төлөвлөлтийн талаар мессеж өгөхийг хичээдэг-

-Сошиалд контент бүтээдэг маш олон хүн байдаг шүү дээ. “Моши 247” тэр бүгдээс юугаараа ялгаатай вэ?
-Б.М: Уг нь би энэ хуудсыг анх нээхдээ гэр бүл төлөвлөлтийн талаар нийгэмд нөлөөлөхийг зорьсон. Одоо үеийн залуучууд гэр бүл төлөвлөлтөнд анхаарал хандуулахаа больсон. Би өөрөө ганц бие ээж. Тиймээс хосын харилцааны талаар бичлэг нийтэлж, хүмүүст хүргэхийг зорьсон. Гэхдээ яг санаснаар минь болохгүй л байна. Зорьсондоо хүрэхийн тулд бид хоёрт санхүү хэрэгтэй. Одоогийн байдлаар бага багаар санхүүгээ босгож байна.
“Mоshi 247” бол +18 комеди бүтээдэг. Контентдоо хосын харилцааны талаар бага багаар шингээхийг их хичээдэг. Цаагуураа маш олон мессежийг өгөхийг хичээж л байна.
-Ер нь яагаад цахим хуудсаа “Mоши 247” гэж нэрлэсэн бэ?
-Б.М: Японоор байна уу гэсэн утгатай. Тийм учраас над руу дандаа эерэг хүмүүс “Байна уу” гэж залгаасай гэж хүссэн. Харин хамтрагчтайгаа нийлээд хосын контент хийж эхэлсэн учраас Моши 247 болгосон. 247 гэдэг тоо чинь “Би чамд хайртай” гэсэн үг шүү дээ.
-Таны хувьд өмнө нь “Yz tv”-д жүжигчнээр ажилладаг байсан. Харин одоо өөрийн гэсэн цахим хуудастай, өөрөө зохиолоо бичиж байгаа нь ямар санагдаж байна вэ?
-Үнэхээр эрх чөлөөтэй санагдаж байгаа. “Yz tv”-д байхад бүх зүйл зохиолын дагуу өөрөө сэтгэх боломжгүй байсан. Харин одоо бид нийгэмд юу хүргэмээр байна, түүнийгээ л хйидэг болсон. Гэхдээ үүнийгээ дагаад маш их хариуцлага надад ирсэн. Өсвөр насны охидуудаас ирдэг чат нь “Би тань шиг л болмоор байна” гэсэн байдаг.
Эхэндээ би нүүрэн дээр гарсан батганаасаа санаа зовдог байсан. Гэхдээ одоо санаа зовохоо больсон. Бид чинь яг адилхан хүмүүс шүү дээ. Тиймээс батгатай байна уу, үгүй юу бусдад огт хамаагүй.
Хэрвээ бид нар дэлгэцний цаанаас өндөг шиг өөгүй байвал өсвөр насныхан өөрсдийгөө голж эхэлнэ. Иймээс л яг байгаагаар нь өөрийгөө хүлээж авч эхэлсэн.
-Хэдэн өдрийн өмнө нийтэлсэн рийл бичлэг 240 мянга орчим реакшнтай байсан. Тэр видеоны талаар яривал?
-Б.М: Хятад рийлээс санаа авсан. Үзэхэд үнэхээр хөөрхөн байсан болохоор Т.Сүбэдэйг “Үүнийг хийе” гэж гуйсан. Эхэндээ “Үгүй ээ” гэж байсан ч дараад нь зөвшөөрчихсөн. Би бол санаандаа өсгийтэй гутал өмсүүлэх хүсэлтэй байсан. Гэхдээ эрэгтэй хүнд таарах өсгийтэй гутал олдоогүй ээ. Ямартай ч санасандаа хүртэл хийсэн.
-Т.С: Тодорхой хэмжээнд жүжиглээд дүр гаргаж байгаа шүү дээ. Тиймээс царай төрх, биеийн хэлэмждээ хүртэл анхаарч ажилласан. Гэхдээ тэр рийлийг бичих гэж бараг 20 гаруй удаа оролдсон байх. Үнэндээ тэгшхэн хөлнийхөө хүчинд л рийл маань сайн бичигдсэн гэж бодож байна.
Ер нь эмэгтэй дүрд хувирах хамгийн хэцүү санагддаг.
-Контент үзэгчиддээ хандаж үг хэлбэл?
-Бидэнд сайхан үг хэлж, дэмждэгт маш их баярлалаа. Хувь хүн рүү халдсан муухай үгс битгий бичээрэй. Эсэргээрээ шүүмжлэл бичиж байгаарай. Шүүмжлэлийг нь хүлээж аваад, илүү сайжирч байна аа. Контент бүтээгчдэд лайк болон сэтгэгдэл чухал учраас бидний хөдөлмөрийг үнэлээд, үргэлж сэтгэгдэл бичиж байгаарай гэж хэлмээр байна. Бас бидний контент цаагуураа маш олон мессежийг өгч байдаг учраас ойлгож үзэж байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.