АНУ бодлогын хүүгээ дахин 23 жилийн дээд хэмжээд хадгаллаа

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан лхагва гарагт /2024.06.12/ бодлогын хүүгээ долоо дахь удаагаа өөрчлөлтгүй хадгалж буйгаа мэдэгджээ.
Тус сан АНУ-д инфляцыг ойролцоогоор 2 хувьд барих зорилготой ажилладаг. Тэгвэл тэрхүү зорилтот түвшинд хүрэхэд бага зэрэг ахиц гарсныг дурдаж энэ жил нэг удаа хүү бууруулах төлөвтэй гэсэн байна.
Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо (FOMC)-ны хоёр өдрийн турш хуралдсаны дараа бодлогын хүүг 23 жилийн дээд түвшин болох 5.25-5.50 хувьд хадгалах шийдвэр гаргав.
Холбооны нөөцийн сан мэдэгдэл хийхдээ “Инлфяц өнгөрсөн жилийн хугацаанд буурсан ч зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Сүүлийн саруудад инфляцыг 2 хувьд хүргэх манай хорооны зорилгод бага зэрэг ахиц гарсан нь ажиглагдсан” хэмээжээ.
Тэднийг шийдвэрээ танилцуулахаас өмнө АНУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн сарын тайлангаа гаргасан юм.
Тайлангаас харвал инлфяцын гол үзүүлэлтүүдийн нэг болох хэрэглээний үнийн индекс тавдугаар сард 3.3 хувиар өссөн байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 3.4 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт байв.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.