АНУ-ын Оклахома муж сургууль болгонд Библи заахыг тушаалаа

АНУ-ын Оклахома мужийн боловсролын захиргаа багш нарыг ангидаа Библи авч, тэндээсээ зааж байхыг тушаасан байна.
Тус захиргаа энэхүү шийдвэрийг пүрэв гарагт /2024.06.27/ гаргасан бөгөөд АНУ-ын Дээд шүүх шашны үйл ажиллагааг төрөөс ивээх тэтгэх нь үндсэн хуулийг зөрчиж буй явдал гэж үзсэн тогтоолыг зөрчиж буй хэрэг хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм.
Оклахома мужийн боловсролын хяналтын дарга Раян Уолтерс Библийн хуучин гэрээ номд гардаг арван хуульд онцгой анхаарал хандуулах болно гэж хэлжээ.
Тэрбээр “Мужийн бүх багш, бүх анги Библитэй байх бөгөөд Оклахома мужийн бүх сурагчдад энэхүү түүхэн ойлголтыг хүргэхийн тулд ангид Библээс заах болно” хэмээсэн байна.
Христийн шашин болон иудайзмын ариун судар болох Библийг Уолтерс барууны соёл иргэншлийн үндэс суурь болсон бичиг, Мартин Лютер Кинг гэх мэт иргэний эрхийн төлөө тэмцэгчид уг номын эшлэлүүдийг ашигладаг байсан гэжээ.
Гэвч АНУ-ын Үндсэн хуулийн эхний зүйлд оруулсан анхны нэмэлт дээр төрөөс аливаа шашныг ивээн тэтгэх, байгуулахыг хориглодог гэж тайлбарладаг юм.
Оклахомагийн Үндсэн хуульд үүнээс нэг шат ахисан хориг тавьдаг. Тус мужийн хуульд аливаа улсын сургууль, төсвийн мөнгөний зарцуулалт нь шашны бус байх ёстой гэж бичжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.