Олон Улсын Прокурорууд ирэх 6-р сард Монголд чуулна

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл Олон Улсын Прокуроруудын холбооноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах орноор сонгогджээ.
Олон Улсын Прокуроруудын холбооны талаас Ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона, гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер болон ерөнхий зөвлөх Шеназ Музаффер нар холбооны удирдлагуудтай цахим уулзалт хийсэн байна.
Олон Улсын Прокуроруудын холбоо (IAP) нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн цорын ганц байгууллага юм.
Олон Улсын Прокуроруудын холбооны зүгээс Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн бага хурал нь бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд Прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэн уг бага хурлыг Монгол Улс зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дээрх уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг 2025 оны 06 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлогдсон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.