УРЛАГ

Хязгааргүй орон зай руу ховсдох, контемпорари уран бүтээлч Яёи Күсама

“Би өдөр бүр амьдралд талархаж, гайхамшигт ертөнцийг бүтээсээр байх болно” хэмээн өдгөө 96 настай контемпорари уран бүтээлч Яёи Күсама нэгэн ярилцлагадаа хэлжээ. Түүний уран бүтээлүүд эхлэлгүй бас төгсгөлгүй, өөрөөр хэлбэл хязгааргүй толбот хээнүүд бүхий поп арт, минимализмыг шингээсэн өвөрмөц инсталляицуудыг ашигладагаараа онцлог.

Күсама хүүхэд байхаасаа зурж эхэлсэн бөгөөд түүний нүдэнд толбот хээнүүд үе үе хийсвэрлэн харагддаг байсныг тэр ийнхүү өнөөдрийн гайхамшигтай уран бүтээлчийн санаа болгож чадсан байна. Түүний урлагийн боловсрол 1948-1949 онд Киото хотын Урлагийн сургуульд сурснаар эхэлсэн бөгөөд аав ээж нь түүний зураач болох хүслийг дэмжээгүй төдийгүй түүнийг нөхөрт гарахыг тулгасанд тэрссээр 1957 онд АНУ-ын Нью-Йорк хотыг зорьжээ.

Ийн тэр төрөлх Япон орноо орхин явахдаа өөрийн анхны уран бүтээлүүдээ хаяхаас аргагүйд хүрсэн байна. Күсама ухаан орсон цагаасаа л өөрийгөө уран бүтээлч болно гэдгийг зөн совингоороо мэдэрдэг, бас түүндээ өөрийгөө бэлдсээр ирсэн талаараа ярьсан нь бий. Японыг орхих болсон олон шалтгаануудынх нь нэг нь түүний уран бүтээлийг анхандаа хүмүүс ойлгож хүлээж авдаггүй байсан тул уран бүтээлч байдлаа олж бас хадгалж авч үлдэх сорилт түүнд тулгарсан.

This image has an empty alt attribute; its file name is 9562f408d773ddcf0a1b8101bed25dd7f11e12a49eec62b303948f74fec1ab08._RI_TTW_SX1080_FMpng_-1024x576.png

Та түүний бүтээлүүдийг хэрвээ ширтэн зогсох юм бол орон зай хязгааргүй болохыг, цэгүүд толбо болтлоо томорч хаашаа ч юм тэдгээр толбуудыг даган урсан одож аль эсвэл үерлэн орж ирж буй мэт мэдрэмж төрж ч магадгүй юм. Түүний Нью-Йорк дахь анхны бүтээлд "infinity net" нэртэй бүтээлүүд цөөнгүй байв.

Цэг, толбуудын хэмжээ, жигд давтамж нь хүний сэтгэл зүйн хил хязгаарыг давж, ховсдуулах мэт санагдуулдаг.

Яёи Күсамагийн анхны бүтээлүүд нь хожмын минимализмын урьдач зөгнөл хэмээн үзэж, түүнийг минимализмын гол төлөөлөгч ч гэдэг. Гэвч түүний бүтээлүүд дан ганц үүгээр хязгаарлагдахгүй, гоц байдал нь поп арт, авангард уран бүтээлчид болох Дональд Жадд, Энди Уорхол нарын бүтээлүүдтэй нэг үзэсгэлэнд тавигдсан нь дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн юм.

1960-аад онд түүний уран бүтээл, барималууд сэтгэл хөдөлгөм хэвээр байлаа. Тэр өөрийн онцлог байдлаар бүтээсэн "Accumulation No. 1" (1962)  бүтээлдээ бэлгийн дарамтын айдас, сэтгэл түгшлийг тусган харуулжээ.

Accumulation No. 1

Харин 1965 онд "Infinity Mirror Room—Phalli’s Field" бүтээлдээ аварга том толинуудтай өрөөнд улаан толботой цагаан шалыг үй олон зөөлөн фаллик биетээр дүүргэсэн байв. Толин тусгал өөрөө цааш хязгааргүй орон зайг харуулж, тэр хязгааргүйд ч давтамжууд байсаар байгааг толбуудаар илэрхийлжээ. Күсамагийн сэтгэл зүйн байдал нь толбуудын өнгөөр илэрхийлэгддэг байсан бөгөөд сэтгэл зүйн уналтад орсон үедээ гаргасан бүтээлүүдэд ихэнх нь хар толбууд давамгайлна.

Тэр 60-аад оноос хойш сэтгэцийн эмнэлэгийн хяналт дор амьдарч ирсэн бөгөөд багадаа авсан бэлгийн зан үйлтэй холботой сэтгэл зүйн гэмтэл нь уран бүтээлүүдэд нь ч хүчтэй илэрдэг аж.

Kusama with 'Narcissus Garden', Venice Biennale, 1966.

Тухайн цаг үед түүний уран бүтээлүүд дайны эсрэг, төрийн эсрэг, хайр, бэлгийн чөлөөт байдал зэрэг үзэл санааг шингээсэн байлаа. Түүний "Happenings" гэж нэрлэсэн бүтээлүүд олон нийтийн газар нүцгэн байдалтайгаар зохион байгуулагддаг байсан бөгөөд хүйс, бие махбод, хувийн дүр төрхийн хил хязгаарыг эвдэх зорилготой байв. Түүний үзүүлбэрүүд Америкт “урлагийн бүтээл” харин Японд бол шившигтэй явдал хэмээн эцэг эх нь охиныхоо уран бүтээлч байдлыг үгүйсгэн, Күсамагийн зурагтай сонингуудыг олноор худалдан авч устгадаг байсан юм.

1969 онд тэр Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейн цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурт “Grand Orgy to Awaken the Dead" үзүүлбэрээ зөвшөөрөлгүй хийж, ингэхдээ нүцгэн оролцогчдын бие дээр толбот хээгээ зурсан нь түүнийг хэтрүүлэн өөрийгөө сурталчилсан гэж буруутгаж  байсан ч энэ перформанс нь Daily News-ийн нүүр хуудсанд гарсан юм.

Күсама 1973 онд Японд эргэн иржээ. 1977 оноос эхлэн тэр өөрийн хүсэлтээр сэтгэцийн эмнэлэгт амьдарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд уран бүтээлээ үргэлжлүүлж, мөн сюрреалист яруу найраг, уран зохиол туурвив. Түүний бүтээлүүдийн дунд "The Hustlers Grotto of Christopher Street" (1984), "Between Heaven and Earth" (1988) зэрэг зохиолууд багтана.

1989 онд Күсама олон улсын урлагийн ертөнцөд эргэн ирж, Нью-Йорк болон Оксфорд хотуудад үзэсгэлэнгээ гаргасан байна.

1998–1999 онд Күсамагийн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийн ид оргил үе байлаа.  АНУ, Япон даяар зохион байгуулагдсан.

  • Лос-Анжелесын Дүрслэх урлагийн музей (Los Angeles County Museum of Art)
  • Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей (Museum of Modern Art)
  • Миннеаполис хотын Уокер урлагийн төв (Walker Art Center)
  • Токио дахь Орчин үеийн урлагийн музей (Tokyo’s Museum of Contemporary Art)

Түүний бүтээлүүд дэлхий дахины үнэ цэнтэй уран бүтээлчийн хэмжээнд хүрч, олон улсын хэмжээнд өөрийн давтагдашгүй хэв маягаар хүлээн зөвшөөрөгдсөн юм.

2006 онд Яёи Күсама Японы Урлагийн Холбооны "Praemium Imperiale" шагналыг "Уран зураг" төрөлд хүртэв. Түүний уран бүтээл 21-р зуунд ретроспектив хэмээн гол сэдэв болж байлаа.

Тухайлбал,

  • 2012 онд Нью-Йоркийн Америкийн Урлагийн Уитни музей (Whitney Museum of American Art)
  • 2017 онд Вашингтон ДС хотын Хиршхорны музей, баримлын цэцэрлэг (Hirshhorn Museum and Sculpture Garden) зэрэг музейг дамнан зохиогдсон аялан үзэсгэлэн. Энэхүү үзэсгэлэн үзэгчдийн тоогоор рекорд тогтоож байв.
  • 2022 онд Хонконгийн M+ музейд гарсан үзэсгэлэн

Күсама Венецийн биеннальд гурван удаа буюу 1993, 1998, 1999 онд Япон улсыг төлөөлөн оролцож, 2006 онд тэрээр Японы эзэн хааны шагналыг хүртсэн анхны эмэгтэй юм.

Хиршхорны музей дэх үзэсгэлэн Кусамагийн алдарт "Infinity Mirrored Rooms" бүтээлийг харуулсан бөгөөд түүнийг илэрхийлэх гол уран бүтээлүүдийнх нь нэг юм.  2017 онд өөрийн уран бүтээлд зориулсан Яёй Күсамагийн музейг Токиод, өөрийн студи болон амьдарч буй сэтгэцийн эмнэлгийн ойролцоо байгуулсан байна.

Өдгөө түүний бүтээлүүд Японд төдийгүй дэлхийд алдартай бөгөөд дэлхийн аль ч хотод түүний уран бүтээлийн нэгээхэн хэсэгтэй таарч болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ер
Ер
2 сар 6, 2025 08:24

Япон хэлэнд "У" үсэг байдаггүй л дээ.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 18:52

Гайх�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button