“ГССҮТ-ийн эмч нар 4 хүнд хагалгаа хийгээд буцсан, биеийн байдал тогтворжсон”

Ховд аймагт /2025-05-17/-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарснаар 20 гаруй насны гурван эрэгтэй амиа алдаж найман хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Эргэн сануулахад ачаа өргөх, зөөх зориулалттай подем/өргөгч/ дээр тус компанийн барилгын ажилчид гарч ажиллаж, улмаар тросс тасарснаар уг осол болсон байдаг.
Өчигдөр буюу /2025-05-20/-нд Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвийн Эмнэлзүй эрхэлсэн дэд дарга П.Ганбарсаас тодруулахад "Одоогоор барилгын ослоор гэмтсэн 18-33 насны найман хүний гурав нь сэхээнд, тав нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Сэхээнд байгаа гурван хүний хувьд нуруу нугасны хугаралтай, биеийн байдал хүнд зэрэгтэй ГССҮТ-өөс ирсэн хагалгааны баг шаардлагатай мэс ажилбаруудыг хийнэ" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл биеийн байдал хүнд зэрэгтэй байсан гурван хүн болоод бусад таван хүний биеийн байдал хэрхсэн талаар дахин тодруулахад "Өчигдөр /2025-05-21/-ний өглөө ГССҮТ-ийн эмч нар хагалгаагаа дуусгаад буцсан. Барилгын талбайд гэмтсэн найман хүний дөрөвт нь хагалгаа хийгдсэн. Одоогоор биеийн байдал тогтворжсон, ухаантай, амин үзүүлэлт тогтвортой байгаа. Гэмтлийн болон эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй" гэх мэдээллийг өглөө.
Барилгын ажил гүйцэтгэж байсан "Чандмань-Уушир" ХХК-ний зүгээс ч хүлээн зөвшөөрсөн. Бидэнд өгсөн тодруулгадаа "Уг нь тэр өргөгч дээр хүн гарах зориулалтгүй. Барилгын талбайд ХАБ-ын ажилтан байсан, аюулгүй байдлыг хангаж, зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан. Гэтэл ийм үйл явдал болчихлоо. Тухайн 11 хүний хувьд бүгд эрэгтэй манай байгууллагад 2-10 жил ажилласан хүмүүс байсан" хэмээсэн байдаг.
Тус хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагаа Ховд аймгийн цагдаагийн газарт үргэлжилж байна.
Эл агуулгаар бичсэн өмнөх нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.