АНУ-ын Онцгой байдлын албаны дарга хар шуурганы улирал байдгийг мэдээгүй хэмээжээ

АНУ-ын Холбооны Онцгой байдлын албаны (FEMA) дарга Америк хар шуурганы улиралтай гэдгийг мэдээгүй гэж хэлсэн нь тус албаны ажилчдыг гайхшируулжээ. “FEMA”-гийн дарга Дэвид Ричардсон мэдээлэл өгөх хурлын үеэр ингэж хэлсэн байна. Тэр үүнийг шууд утгаар, хошигнож эсвэл өөр утгатай хэлсэн үү гэдэг нь тус албаны ажилчдад тодорхойгүй байжээ.
Ням гарагт /2025.06.01/ АНУ-ын хар шуурганы улирал албан ёсоор эхэлсэн. Тус гамшгийн улирал арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. АНУ-ын Үндэсний Далай, агаар мандлын удирдлагын төв өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ энэ жилийн шуурганы улиралд 10 гаруй далайн хар салхи үүсэх төлөвтэй гэж таамаглаж байна гэжээ. “FEMa”-гийн толгой агентлаг болох Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Ричардсоны хэлсэн үгийг хошигнол байсан, тус алба хар салхины улиралд бэлтгэлтэй байгаа гэсэн юм.
Түүний хэлсэн үгийг сөрөг хүчний Ардчилсан намын хууль тогтоогчид шүүмжилжээ. Сенатор Чак Шумер “Яагаад одоо болтол ажлаасаа халагдаагүй байгааг мэдэхгүй байна” гэж хэлсэн юм. Мөн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Бенни Томпсон “Гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах нь тоглоом биш. Хэрэв хар салхины улирал гэж хэзээ болдог, юу болохыг мэдэхгүй бол та FEMA-г удирдах ёсгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.