Нийгмийн

ЗГ унаж байх зуур Ерөнхийлөгчөөс хориг хүлээж байсан тариаланчид мартагдав

Хамтарсан Засгийн газар тарж, Ерөнхий сайд огцорч Засгийн газар болон УИХ-ын үйл ажиллагаа саатсан байдалтай дөрөв дахь долоо хоногтойгоо золгоод буй.

Энэ хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл байнгын хороонд гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Мөн уг төслүүдээс гадна УИХ-аар унагаж тэр үедээ шуугиан болоод бараг мартагдаж буй гурилын импортын асуудал ч замхрав.

2024 онд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа гаргасан. Ингээд ОХУ-аас манай улсад гурил гаалийн татваргүй орж ирэх болсон.

Уг шийдвэр нь гурилын үнийг буулгах, дотооддоо монополчилж буй компаниуд зохиомлоор үнэ нэмдэг байдлыг зогсоох арга гэж тухайн үедээ эвтэйхэн тайлбарлаж хуулийн төслийг батлуулсан байдаг.

Харин дараа нь гурилын салбарт монопол болсон компаниуд үгсэн тохирч үнэ нэмсэн гэх асуудал шүүх дээр батлагдаагүй. Худал хэмээн унасан.

Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд зарим нэг алслагдсан аймгуудад гурилын үнэ бага зэрэг буурсан ч ихэнх аймагт буураагүй. Мөн тариалан эрхлэгчид олноор ажилгүй болж, Монгол Улсын нийт тариан талбайн 50 гаруй хувь зэрлэгт баригдана үйл ажиллагаа нь зогсож, хэд хэдэн ААН хаалгаа барив. Бодит байдал ийм болсон тул ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр импортын улаан буудай, гурилд 15 хувийн татвар ноогдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр гишүүдийн дийлэнх дэмжсэн байр суурийг илэрхийлж байв. Уур амьсгал ийм байх үеэр УИХ-ын дарга санал хураалтыг долоо хонгоор хойшлуулж, ирцгүй шахуу хуралдаанаар санал хураалт явуулснаар хуулийн төсөл дэмжигдэлгүй, унасан.

Тиймээс ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Энэ шийдвэрийг гаргахад УИХ -ын дарга өөрийн санаачилгаар унагаах ажлыг зохион байгуулсанд туйлын харамсаж байна” гэж мэдэгдэл хийсэн юм.

Ингэхдээ мөн "хүнс гэдэг улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал тул орхилгүй цаашид авч болох арга хэмжээнүүдийг авна. Шаардлагатай бол хуулийн төслөө дахин өргөн барина" хэмээсэн. Сайдын энэ үг тариалан эрхлэгчдэд хүлээлт бий болгосон.

Мөн нөгөө талд хаврын тариалалт хэдийнээ эхэлчихсэн. Тариаланчид юу тариалахаа сонгож жилийн өмнөөс тариалалтаа бэлтгэж эхэлдэг. Энэ жилийн хувьд гурилын импортыг татвартай болгох хуулийн төсөлд найдаж тариаланчид талбайдаа улаанбуудай тариалахаар бэлтгэсэн байжээ. Гэвч төсөл батлагдаагүй.

Ингээд тариаланчдын эцсийн найдвар хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавих боломж болсон. Гэвч Засгийн газар унаж, төрийн ажил саатаж байх хооронд гурилын асуудал замхарч тариаланчдын эцсийн найдвар тасрахад хүрээд байна.


Хуулийн заалт:

Ерөнхийлөгч хуульд хориг тавих Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхтэй. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай.

Энэ хууль хугацаа хуулийн төслийг өргөн барьсан өдрөөс эхлээд хэрэгжиж эхлэх юм.

Хэрэв УИХ-аас гаргасан дээрх шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавивал УИХ хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална. Процесс нь хуулийн дагуу өргөн барьсан төсөл хэлэлцүүлдэг шиг үргэлжилнэ.

Харин Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Ж.Энхбаяр хуулиа дахин өргөн барих замаар явах боломж бас бий.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button