Намын даргад амбицлагчдын сурталчилгаа ба С.Эрдэнийн даруухан тайлбар

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өчигдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөө хуралдуулсан. Улмаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.
Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
Гэтэл хэлэлцэх асуудлын дэс дарааллын асуудал хөндөгдөж эхэлжээ. Тухайбал, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа хамгийн сүүлд намын даргын сунгааны асуудал яригдах тухай сануулан дараах тайлбарыг бичсэн байна.
Энэ тухай тэрбээр, "АН-ын Улс төрийн зөвлөлд бодол саналаа илэрхийлье. Нэгдүгээрт УТНТХ-ийн хүрээнд намын дүрмээ бүх гишүүдийн оролцоотой хэлэлцүүлж, ҮБХ-гоороо баталгаажуулах. Хоёрдугаарт АН-ын Их хурлаараа Үндсэн дүрмээ хэлэлцүүлж батлуулах мөн УДШ-ээр батлуулах. Энэ бүгдийн дараа АН-ын даргаа сонгож батлах нь зүйтэй болов уу?" хэмээсэн аж.
Тэгэхээр ҮБХ-гоор шууд намын дотоод зохион байгуулалт болон даргын асуудлыг ярилцах ямар ч боломжгүй гэсэн үг. Эхлээд намын дүрмээ ҮБХ цаашлаад УДШ-ээр баталгаажуулах шатуудаа давах юм. Цахим орчинд намын даргад амбицлагчдын санал асуулгууд идэвхтэй хөвөрч эхэллээ. Нэр дэвшигчид ч сурталчилгааны ажлаа эхлүүлээд байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.