Трамп, Ши Жиньпин хоёр уулзаж TikTok, Украины дайн, мансууруулах бодисны талаар хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар аравдугаар сарын сүүлээр БНСУ-д явагдах Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцоно. Хоёр улсын удирдагч уулзалтын үеэр худалдааны дайн, TikTok, Украины дайн, фентанил мансууруулах бодисны талаар хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Энэ нь Трамп ажлаа хүлээн авснаас хойш тэнд биечлэн хэлэлцээ хийж буй анхны тохиолдол болно. Мөн сүүлийн зургаан жилд анхны удаа уулзаж буй тохиолдол гэдгээрээ онцлог юм. Ши Жиньпин, Трамп хоёр баасан гарагт /2025.09.19/ утсаар ярьсан. Утсаар ярьсныхаа дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Бид худалдаа, фентанил, Украины дайныг зогсоох болон TikTok-ийг худалдах тал дээр ахиц дэвшил гаргасан” гэжээ.
Хэлэлцээгээр яригдах хамгийн чухал асуудал нь гаалийн татвар болно. Хоёр орон тариф хэрэгжих хугацааг арваннэгдүгээр сарын сүүл хүртэл сунгасан байгаа. “Xinhua” агентлаг мэдээлснээр Трамптай утсаар бүтээлч хэлэлцээ хийсэн гэж Ши Жиньпин тодорхойлжээ. Гэхдээ АНУ зөвхөн нэг талаас худалдааны хязгаарлалт тавихаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг Ши Жиньпин онцолсон байна.
Эх сурвалж: Chosun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.