Вьетнамд Буалой хар шуурга ойртсон тул олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Вьетнам улсад Буалой хар шуурга ойртож ирсэн тул үерийн гамшигт нэрвэгдэх эрсдэлтэй бүсүүдээс олон мянган хүнийг нүүлгэж шилжүүлж, нисэх онгоцны буудлуудыг хаажээ. Шуурганы салхины хурд цагт 133 км хүрж, өнөөдөр /2025.09.29/ Вьетнамын төв бүсэд буух төлөвтэй байгаа юм. Буалой шуурга үүний өмнө Филиппинийг дайран өнгөрч, 10 хүн амь үрэгдэн хэд хэдэн бүс үерлэсэн.
Тус улсын үндэсний цаг уурын агентлаг мэдээлэхдээ “Дунджаас хоёр дахин илүү салхины хурдтай энэхүү шуурга өргөн газар нутгийг хамран, хурдтай нүүж байна. Хүчтэй салхи, аадар бороо, үер, хөрсний гулгалт, эрэг орчим усанд автах гэх мэт олон байгалийн гамшиг нэгэн зэрэг үүсгэх чадвартай” гэжээ.
Вьетнамын төв болон хойд бүсүүдэд лхагва гараг /2025.10.01/ хүртэл 600 мм хур тунадас орж, гол мөрний түвшин 9 метрээр нэмэгдэх эрсдэлтэй байна. Төвийн бүсэд оршдог Ха Тинь мужийн эрх баригчид 15 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, олон мянган цэргийг бэлэн байдалд оруулжээ. Тус мужид оршин суудаг 41 настай Буй Ти Туйет “Саяхан болсон Кажики хар салхины улмаас бид ихээхэн хохирол амссан. Тэр гамшгаас хараахан сэргэж амжаагүй байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.