ВИДЕО МЭДЭЭЯРИЛЦЛАГА

“Нэрээ хэлэхэд зарим хүн тоглоом хийлээ гэж уурладаг, ихэнх нь сонсоод л шууд инээчихдэг”

Статистикийн Үндэсний Хороонд бүртгэгдсэн Монголын хамгийн урт нэртэй иргэдийн жагсаалтыг нийт 41 үсгээс бүрдсэн Номинчулуунухаанзаяамөнхэрдэнээнхтөгөлдөр нэр тэргүүлдэг. Харин хоёрдугаар байранд 39 үсэгтэй Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо нэр бичигдэх аж. Үүнийг удаалж, Александрмакфарлэйнхазелвүүджр, Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар, Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа гэх мэт сонирхолтой нэрсүүд жагсана. Эцэг, эхээс заяасан нэр тухайн хүний ирээдүй хэтийн амьдралыг тодорхойлдог гэж үзэх хандлага Монголчуудын дунд бий. Өвчин ороодог, сул биетэй хүүхдийн нэрийг хүндэдсэн байна хэмээн үзэж, зөөлөн утгатай нэр хайрладаг, нэрийг нь өөрчилдөг зан үйлтэй бид эчнээ танил. Ер үр хүүхэддээ этгээд хачин, содон сонирхолтой нэр хайрлах олон шалтгаан бий.

Үүний нэгэн жишээ болгож Ф.Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбыг Хэнтий аймгийн Бэрх сумаас редакц дээрээ урьж, ярилцлаа. Өдгөө 22 настай тэрбээр сийлбэрчин. Аав нь зурхай зурдаг лам хүн учир эмнэлгээс ер салахгүй байсан хүүгийнхээ нэрийг богинодсон байна гэж үзээд, хамт байсан эмч, сувилагч нарын нэрийг ар араас нь нэмж залгасаар энэ нэрийг “бүтээсэн” гэнэ. Өөрөөр хэлбэл “Мөнхмайнбаяр” гэсэн өөрийн нь нэрийн ардаас долоон ондоо хүний нэр залгаатай.


-Ярилцлагын саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ф.Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг. Би 1997 оны тавдугаар сарын 1-нд, Хэнтий аймгийн Бэрх суман дахь Батноровын долоодугаар багт төрсөн. Одоо сум маань хотын статуст шилжиж, Бэрх хот гэж яригддаг болсон байна билээ. Намайг төрөхөд Мөнхмайнбаяр гэдэг нэр хайрласан гэж аав, ээж хоёр маань ярьдаг. Би дээрээ гурван эгч, гурван ахтай. Долоон хүүхэдтэй айлын бага гэсэн үг. Ах нарын маань нэр бүгдээрээ “Мөнх” гэж эхэлдэг. Харин хамт өссөн, хамгийн том эгчийн маань охиныг Ф.Хишигбилигтогоо гэдэг нь манай гэр бүлдэх бас нэгэн урт нэр. Багаасаа аав, ээж хоёр маань авч өсгөсөн тул миний адил овгоор явдаг.

-Аав, ээж нь чухам яагаад ийм урт нэр хайрлах болсон шалтгаанаа хожим юу гэж дурсаж байх юм?

-Их л ойр ойрхон өвдөж, эмнэлгээс ер салахгүй байсан гэж ярьдаг. Аав маань үзэж хардаг, лам хүн л дээ. Тухайн үед зурхай зурж үзэхэд өвчин ороож буй нь нэр богинодсонтой холбоотой гэж гарсан гэсэн. Ингээд намайг “тогтоохын” тулд урт нэр өгөхөөр болж, эмнэлэгт байсан эмч, сувилагч, асрагч нарын бүх нэрийг ар, араас нь нийлүүлчихсэн. Мөнхмайнбаяр гэдэг миний нэр дээр өөр долоон хүний нэр нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс хойш дахиж өвдөж, хавдаагүй гэж аав, ээж хоёр ярьдаг даа.

-Бага балчир насныхаа дурсамжаас хуваалцаач? Урт, содон нэртэй сургуульд ороход ангийн хүүхдүүдээс нь эхлээд гайхаж хүлээж авах хүн олон шүү дээ.

-Миний аав, ээж хоёр насаараа мал хариулсан улс. Харин дээр дурьдсан Ф.Хишигбилигтогоо бид хоёрыг сургуульд орох нас болоход, малаа орхиж, сумын төв бараадсан. Төвд ирж суурьшаад л сургуулийн амьдрал эхэлсэн санагддаг.

Анх дүү бид хоёрыг хоёр тусдаа ангид хуваарилчихсан байсан гэсэн. Тэгтэл аав бүртгэл хийсэн хүмүүсийг нь зад загнаад, “Би хоёр хүүхдээ нэг ангид сургамаар байна” гэж хэлээд, Ф.Хишигбилигтогоо бид хоёр нэг ангил орж байсан дурсамж одоо санагддаг. Би дүүгээсээ хэдхэн сараар л ах юм, нас чацуу.

Мэдээж анх нэрээ хэлэхэд ангийн хүүхдүүд итгэхгүй, “Нээрэн юм уу?” гээд л гүйлддэг байсан. Харин ангийн багш, “Чиний нэрийг цээжлэх гэж гурав хоног боллоо, Яасан хэцүү юм бэ?” гэж байсан нь санагдана. Ангид сургуулийн захирал орж ирэхэд багш хуучны орос самбар дүүртэл миний нэрийг биччихсэн, уншиж өгч сонирхуулдаг байж билээ. Хүүхдүүд намайг голдуу Майнаа, Майнбаяр аа гэж дууддаг байсан.

-Сийлбэрчин мэргэжилтэй гэсэн. ЕБС-иа төгсөөд хот руу сургуульд явалгүй үлдсэн юм уу?

-Тийм ээ. Төгссөн жилээ аймгийн МСҮТ-д элсэн орж, сийлбэрчин мэргэжлээр төгссөн. Надад ерөөс сургууль төгсөөд хот явах сонирхол байгаагүй л дээ. Үргэлжлүүлж сурахгүй гээд шийдчихсэн байсан. Харин цэрэгт явах бодол байсан. Гэвч хаврын цэрэг татлага эхлээгүй байсан тул тэр зуны гурван сар Булганы уурхайд ажилласан. Тэр хооронд аав, ээж хоёр Хэнтий аймгийн МСҮТ-ийн тухай дуулсан юм билээ. Бүртгүүлэхээсээ өмнө надаас асууж, “Яг чиний дуртай мэргэжлээр сургадаг сургалт байна аа. Сурах уу?” гэхэд нь би зөвшөөрч, тэр жилийн намраа элсэн орж байсан. Ингээд нэг жилийн дараа ангийнхаа хамгийн онц сурлагатан болж, дөрөвдүгээр зэрэгтэй төгссөн. Энэ нь хамгийн дээд зэрэг гэсэн үг. Би уг нь нэгдүгээр зэргийг хамгийн сайн гэж бодож байтал, үгүй юм билээ. Надад мэргэжлийн, мэргэжлийн бус бүх л багш нар тусалдаг байсан тул их ч юм сурсан. Одоо арьсаар ч, цаасаар ч, модоор ч, юугаар л бол юу хийж чадна.

Би 10 жилд байхдаа бичих, барих гэрийн даалгавраа хийдэггүй нөхөр байсан. Голдуу зураг, технологийн хичээлдээ дуртай байсан. Миний хобби ерөөс зураг зурах. Үүнийгээ сийлбэр, баримал болгож хөгжүүлээд явсан хэрэг.

-МСҮТ-ийн дипломтойгоо ямар ажилд орох боломжтой талаар судалсан уу? Хувийн бизнес эрхлэх бодолтой гэж ярьж байсан?

-Энэ мэргэжлийнхээ дагуу гар урлал, сувенир хийдэг ажилд орж болно. Тайз засалч ч болж болох юм билээ. Харин бизнесийн тухайд бол арай болоогүй л дээ. Миний ирээдүй хэтийн төлөвлөгөө гэх юм уу. Одоогийн байдлаар хотод, манаач хийж байгаа. Чөлөөт цаг заваараа юм оёж, сийлбэр хийж байна. МСҮТ-өө төгсөөд дараа жил нь цэрэгт явсан. Явж ирээд сумандаа нэг жил ажиллаад, энэ жилээс л хотод орж ирлээ.

-Цэргийн алба хаасан үеийн хөгжилтэй дурсамжаа сэргээгээч?

-Анх цэрэгт татагдах өдөр бараг л зодуулан алдсан. Цэргийн даргад нэрээ бүтнээр нь хэлтэл, “Надаар багахан шиг тоглоом хийгээрэй. Жинхэнэ нэрээ хэл!” гээд суудлаасаа босоод ирдэг юм байна. Засаг дарга хажууд байсан тулдаа гялс очиж, учрыг нь гарган тайлбарлаж өгсөн.

Цэрэгт татагдсанаас хойш бас хөгжилтэй зүйлс олон болсон. Эхний өдрүүдэд хотын цэргүүд иртэл хүлээнэ гээд арваад хоног дүрэмт хувцасгүй байцгаалаа. Дараа нь хотын цэргүүд ч ирж, хувцас хуваарилах болов. Цэргүүдийн нэрийг дүрэмт хувцасны баруун цээжинд бичдэг юм байна. Гэтэл, “Чиний нэрэнд 39 үсэг байна. Бүтнээр нь гаргавал цээжээр чинь дүүрэн юм болох нь. Багтахгүй нь” гэв. Тэгээд л, манай цэргүүд нэр устай хувцасаа өмсчихөөд байхад би байдаггүй. Ингээд долоо хоногийн дараа Ф.Мөнхмайнбаяр гэдгээр нь товчилж гаргахаар болж, энэ асуудал нэг шийдэгдэж билээ.

Би өөрийн хүслээр хилийн цэрэгт, Мэнэнгийн отрядын 0306-р ангид алба хаасан.

-Шинэ хүмүүстэй танилцахдаа нэрээ анх хэлэхэд ихэвчлэн яаж хүлээж авдаг бол?

-Нэрээ танилцуулах бүрт ихэнхдээ гайхаж, цочирдож, зарим түргэн ууртай хүмүүс нь уурлангуй байдлаар хүлээж авдаг. Зарим нь ч шууд хөхөртлөө инээнэ. Ихэнхдээ инээдэг юм даа. Сонсоод л, “Юу гэнэ ээ?” гэж ирээд л хөхөрч гарна.

-Өөрийнхөө нэрэнд дургүйлхэж байсан удаа бий юу?

-Нэрэндээ дургүйлхэж байсан удаа байхгүй ээ.

Харин банкны картаа авах гэж л нэг хэсэг будилсан. Картан дээр нэр багтдаггүй, буцаагдаад. Харин хотод ирээд учир явдалаа хэлэхэд товчилж бичээд гаргаж өгсөн. Ингэж сая гурван жилийн дараа л карттай боллоо /инээв.Сурв/.

-Урт нэр өгснөөс хойш дахин өвдөөгүй, эмнэлгийн хаалга татаагүй гэлээ. Сонирхолтой байна?

-Би одоо ханиад, шуухниаг ч айхтар хүнд тусдаггүй. Гэхдээ өөрийгөө жаахан буруу номын зуршилтай гэмээр юм уу. Хүмүүс ханиад хүрэхээрээ халуун, бүлээн юм уудаг бол би эсрэгээрээ, дэлгүүрээс хоёр гурван сайхан хүйтэн зайрмаг аваад идчихдэг.  Тэгүүт л маргааш нь зүгээр болчихсон байдаг юм. Заримдаа өөрөө сармис халуун усанд хандлаад уучихна. Түүнээс өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж явсан удаа байхгүй.

-Найз охин бий юу?

-Үерхэж үзээгүй. Зүгээр найзлаж, нөхөрлөдөг охидууд бол бий. Дотно харилцаанд орох зорилгоор охидтой танилцаж үзээгүй, зүгээр л найзалъя гэдэг. Найз охинтой болох бодол бий л дээ. Гэхдээ болоогүй ээ. Өөрийнхөө амьдралыг жаахан жин тан болгож, босгосон нь дээр. Юу, юу ч үгүй байж эрт авгай авчихдаг, бөөн хямрал. Одоо цагт зээлгүй хүн гэж бараг байхгүй болсон байна. Би өөрөө зээл авах дургүй хүн. Ийм болохоор өөрөө эхлээд юмтай болсон хойноо эхнэр авъя гэж боддог доо.

-Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

-Даруухан. Ухаантай. Данс, тооцоондоо нарийн сайн. Өрхийн санхүүгээ сайн барьж чаддаг гэх юм уу.

-Ирээдүйн хүүхэддээ ямар нэр өгөх талаар бодож байсан уу?

-Тэр талаар огт бодож байгаагүй юм байна. Ер нь, найман хүүхэдтэй болоод найман нэрээ хуваагаад өгчихсөн нь дээр юм биш үү дээ /инээв. Сурв/.

-Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Таг

Холбоотой мэдээ

10
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
8 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Zochin
Zochin

ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙГАА ЗАЛУУГИЙН ОВГИЙГ МЭДЭЖ БИЧСЭН ХЭРНЭЭ ЭГЧИЙНХ НЬ ОВГИЙГ МЭДЭХГҮЙ Н, ҮСЭГ ТАВИХ ЮМ ТАНАЙ СЭТГҮҮЛЧ АРАЙ МЭДРЭМЖГҮЙ ЮУ?

Зочин
Зочин

Богино гэж бичихийг урт гэж бичсэн тэр шар дээр хараар бичсэн хэсэгт хойшид утгын алдаагаа анхаарна биз ээ сэтгүүлчээ

ффф
ффф

аав нь феодал уу??

Зочин
Зочин

Энэ залуу нэрээ богино ердийн болгох хэрэгтэй мөн хүний нэрны албан ёсны бичигдэх хэлбрыг хуульчилж өгөх хэрэгтэй юм байна

Чимэг
Чимэг

Гадаад явахад тевегтэй нэр бн. Одоо хуулийн дагуу богиносгож авмаар юм даа.

зочин
зочин

Бэрх хэзээ сум болсон юм бээ ? Батноров сумын 7 дугаар баг буюу Бэрх тосгон шүү дээ. Үүндээ залруулга хийгээрэй эрхэм сэтгүүлчдээ

iirgen
iirgen

аавынх нь нэр хэн бол?

Зочин
Зочин

Аавыг нь Фелчир гэдэг.

Осор
Осор

Энэ урт нэр ямар хнрэгтэй гэж солитой юм. Унтсан хүмүүсийнхээ нэрийг холбоод өгчихдөг юм уу хаашаан

Зочин
Зочин

Яагаад урт нэр өгсөнг цагаан дээр хараар тодоос тод биччихсэн байхад ыөгс бөөрнөөсөө давж сэтгээч. Унтсан уусан юм л бодож явдаг юм уу

Back to top button