Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ төсвийн алдагдлаа нөхөхийн тулд анх удаа юанийн бонд гаргах гэж байна

ОХУ-ын засгийн газар түүхэндээ анх удаа юанийн бонд гаргах гэж байна. Тус улсын Сангийн яам мэдэгдсэнээр юанийн бонд нь гурваас долоон жилийн хугацаатайгаар арванхоёрдугаар сарын 8-нд худалдаанд гарна. Бондын эрэлт голчлон БНХАУ-тай худалдаа хийдэг ОХУ-ын компаниудаас ирэх төлөвтэй байгаа юм.

Сангийн яам мэдэгдэхдээ нэгж нь 10 мянган юанийн үнэтэй, гурваас долоон жилийн хугацаатай, зургаан сар тутамд хүүгийн төлбөр хийх хоёр цуврал бондыг гаргана гэсэн юм. Хөрөнгө оруулагчид бондыг юань эсвэл рублиэр худалдан авах болон ашгаа хүлээн авах боломжтой. Бондын захиалгыг арванхоёрдугаар сарын 2-нд нээх товтой байна.

Тус яам хэр их хэмжээний бонд гаргахаа мэдэгдээгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын эрэлтийг үнэлсний дараа шийднэ гэсэн юм. “Reuters” агентлаг өнгөрсөн сард эх сурвалж дурдан мэдээлэхдээ 400 тэрбум рубль хүртэлх хэмжээний юанийн бонд гаргахаар бэлтгэж байна хэмээжээ.

Бондыг барууны орнуудын хоригт орсон Москвагийн хөрөнгийн биржид (MOEX) гаргана. Юанийн бондыг гадаадын ихэнх хөрөнгө оруулагчид худалдах авах боломжгүй байх юм.

ОХУ-ын экспортлогчид болон банкууд БНХАУ-тай хийсэн худалдааны үр дүнд асар их дүн бүхий юань хуримтлуулсан байгаа. ОХУ, БНХАУ хоёрын худалдаа өнгөрсөн онд 245 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон. Украины дайн эхлэхээс өмнө 2022 онд хоёр улсын удирдагч хязгааргүй түншлэл үүсгэж буйгаа мэдэгдсэн билээ.

“Astra Asset Management” компанийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Дмитрий Полевой хэлэхдээ эхний хоёр ээлжид 2 болон 3 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээтэй бонд гаргах магадлалтай гэжээ. Энэ нь ирэх арванхоёрдугаар сард хугацаа нь дуусах еврогийн бондтой ойролцоо хэмжээ аж.

Зургийн эх сурвалж: Reuters

Полевой “Үндсэн худалдан авагчид нь дотоодын иргэд байна. Сангийн яамны валютын эрсдэлтэй холбогдуулан бондын эрэлт өндөр байх болно. Мөн банкны системд хангалттай хэмжээний юань бий. Орос компаниуд, тэр дундаа дотоодын банкуудад данстай байгууллагууд юанийн нөөц хуримтлуулж байгаа. Тэрхүү мөнгийг хаа нэгтээ байршуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ засгийн газарт мөнгө зээлэх хэрэгцээ гарсан” гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ энэ бонд нь Оросын төсвийн алдагдлыг нөхөхөд тусална хэмээсэн юм. ОХУ-ын батлан хамгаалахын зардал өсөж, нефтийн орлого буурсантай зэрэгцэн засгийн газар нэмж мөнгө зээлээх зорилготой байгаа. Олон улсад нефтийн үнэ буурч, АНУ-ын тавьсан шинэ хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр төсвийн дарамт нэмэгдэж байна.

Энэхүү алхам нь Москва барууны ноёрхдог хөрөнгийн зах зээлийг тойрон гарах замаар Бээжингийн санхүүгийн холбоогоо бэхжүүлэх зорилготойг харууллаа.

Хятадын хөрөнгө оруулагчид барууныхны хяналтгүйгээр ОХУ-ын хөрөнгөд нэвтрэх боломжийг Москва хайж буй. Энэ хүрээнд хоёр улсын санхүүгийн зах зээлийн хоорондох гүүр үүсгэх талаар Хятадтай хэлэлцээ хийж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Барууны санхүүгийн зах зээлээс түлхэгдсэн ОХУ-ын хувьд БНХАУ-тай санхүүгийн зах зээлээ илүү нягт холбох нь чухал ач холбогдолтой.

Түүхэн дээд хэмжээнд хүрээд буй төсвийн алдагдлаа нөхөн гэсэн оролдлого

Украины дайны хариуд барууны орнуудын тавьсан хориг гэх мэт хүчин зүйлсээс болж ОХУ-ын төсвийн алдагдал нэмэгдэж байгаа юм. ОХУ-ын засгийн газар орлого нь буурч байгаа учир санхүүжилт босгохоор юанийн бонд гаргах боллоо. Сангийн яам энэ жилийн төсвийн алдагдлыг анх 1.2 их наяд рубль байна гэж тооцоолсон. Гэвч одоо тооцоолллоо өөрчилж 5.7 их наяд рубль буюу ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэнэ гэж үзэж байгаа юм. Энэ нь түүхэн дээд хэмжээ.

ОХУ төсвийнхөө 25 орчим хувийг газрын тос, байгалийн хийн экспортоос босгодог. Есдүгээр сард нефть, байгалийн хийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 23 хувиар буурсан. Мөн эхний есөн сарын хугацаанд ОХУ тус хоёр түүхий эдийг экспортолсноороо олдог орлого нь 20.5 хувиар буурч, 6.62 их наяд рубль болсон юм. Мөн газрын тос, байгалийн хийн экспорт нь Украинд хийж буй дайныг санхүүжүүлдэг Кремлийн хамгийн чухал эх үүсвэр билээ.

Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Владимир Путин татвар нэмэхгүй гэх амлалтаасаа буцаж хувь хүний болон компанийн орлогын татварыг нэмсэн. Энэ нь хангалтгүй байсан тул ирэх жилээс НӨАТ-ыг ч мөн өсгөхөөр төлөвлөж байгаа. Төсвийн алдагдлаа нөхөх гэсэн ОХУ-ын хамгийн сүүлийн үед хийсэн алхам нь юанийн бонд боллоо.

“RBC” агентлаг мэдээлснээр ОХУ-ын Сангийн яам юанийн бонд гаргах талаар Украины дайнаас ч өмнө буюу сүүлийн арван жил авч үзжээ. Гэхдээ юанийн бонд гаргах гэсэн төлөвлөгөөг нь БНХАУ-ын зохицуулагчид хааж байжээ.

Эх сурвалж: The Moscow Times, Bloomberg, The Daily Sabah, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button