Хямд, баталгаагүй онлайн худалдаа баяруудаар идэвхждэг

Сүүлийн жилүүдэд онлайн худалдаа зах зээлд илүү хүч түрж байна. Ялангуяа баярын өдрүүдтэй зэрэгцэн иргэдийн энэ төрлийн худалдаа ч нэмэгддэг билээ.
Хямд үнэ хэзээ ч ганцаараа асуудал биш. Харин тэр хямд үнийн цаана юу байгааг бид тэр бүр боддоггүй.
Монголд жил бүр 6000–7000 хүн хорт хавдраар шинээр оношлогдож байна. Бид ихэвчлэн утаа, хоол хүнс, амьдралын хэв маягийг буруутгадаг Гэтэл өдөр бүр гар хүрч, арьсанд шүргэж, хүүхдийн аманд хүртэл ордог хэрэглээний бараа тоглоом, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн эрсдэлийн нэг хэсэг байж болохыг төдийлөн ярьдаггүй.
Сошиалаар зарагдаж буй олон бараа гарал үүсэл тодорхойгүй, хяналт шалгалтгүй хэрэглэгчид хүрдэг.
Тухайлбал, хямд хүүхдийн тоглоомд хуванцарыг зөөлрүүлэх фталат, хямд нийлэг хувцсанд азо будаг, формальдегид, зарим гоо сайхны бүтээгдэхүүнд хүнд металл агуулагдах тохиолдол олон улсад бүртгэгдсэн. Эдгээр бодис хүний биед удаан хугацаанд хуримтлагдаж, дотоод шүүрэл, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөхөөс гадна зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой.
Эндээс нэг асуулт гарч ирнэ. Бид үнэхээр хямд бараа авч байна уу, эсвэл хяналтгүй эрсдэлийг гэртээ оруулж байна уу?
Онлайн худалдааны хамгийн том сул тал нь хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Хэрэглэгч хохирсон үед буцаах хаяг, нэхэх эзэн, баталгаажуулах баримт байхгүйгээс гадна бараанд баталгаа мэдээж үгүй.
Харин дотоодын үйлдвэрлэл нь эдийн засгийн бие даасан байдал, ажлын байр нэмэгдүүлэх, валютын гадагшлах урсгалыг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар үндэсний баялгийг өсгөдөг гол хүчин зүйл юм. Энэ нь ДНБ-ий өсөлтөд шууд нөлөөлж, импортоос хамааралтай байдлыг багасган, тогтвортой хөгжлийг дэмждэг.
Дэлхий дээр хуурамч бүтээгдэхүүний зах зээл 467 тэрбум ам.доллар дотор эргэлдэж байна гэсэн тоо бий. Ялангуяа хүүхдийн тоглоом, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл ихэнх хувийг эзэлдэг бөгөөд хэрэглэж, хохирогсдын тоо ч багагүй.
Иймээс баярын өдрүүд дагаж идэвхждэг хуурамч, чанар, баталгаагүй, буцах эзэнгүй онлайн худалдааны зах зээлийн оролцлгч болохгүйн тулд албан ёсны дэлгүүрээс нь баталгаат бүтээгдэхүүнийг сонгох нь зүй биз ээ.
Э.БАЯНМӨНХ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.