Top StoriesНИЙГЭМ

Редакцын зурвас: Хүүхдийг хамгаалах нь зөвхөн гэр бүлийн бус төр, нийгмийн ХАМТЫН ҮҮРЭГ

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 5 дугаар зүйлийн "5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй" хэмээн заасан. Энэ бол хүүхдийн тухай хуулийн дөрвөн бүлгийн ердөө ганц нь.

Бид миний, таны, бусдын хүүхдэд энэ заалт хүрч байгаа болов уу, хэрэгждэг үү гэдгийг эхлээд өөрөөсөө, өөрсдөөсөө асуух ёстой болно. Саяхан Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хуралдаж, Монголд ер нь хүүхдийн эрх хаана яваа талаар тал бүрээс нь хэлэлцэнэ лээ. Энэ зөвлөлийг тэргүүлэгч нь Ерөнхий сайд. Зөвлөлийн хурал дээр судлаачдын танилцуулж буй, бодит нөхцөл байдлын талаарх ойлголтууд болоод Ерөнхий сайдад танилцуулж буй яам, төрийн байгууллагын тоонууд эрс зөрүүтэй байв.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жил бүр аймгуудад мөнгө төсөвлөдөг ч хүчирхийлэл буурахгүй байгааг, амиа хорлолт хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгааг, хүүхэд рүү чиглэсэн төрийн бодлого шийдвэрүүд ерөөс хүүхдэдээ хүрэхгүй байгааг ТББ-ын төлөөллүүд шүүмжлэн хэлсэн.

Зөвлөлийн хурлын дараахан Төв аймгийн Заамар суманд гуравхан настай охин, Дорноговь аймагт хогийн цэгийн эргийн шороонд даруулж 13-хан настай хүү амиа алдав. Бидний эмзэглэх ёстой хамгийн чухал асуудал бол хүүхэд рүү чиглэсэн анхаарал, халамж, бодлого, шийдвэрүүд юм. Бид өдөр тутмын амьдралдаа ч хүртэл өөрийнхөө хүүхдээс бусдад таних, танихгүйг үл тоон багахан ч атугай анхаарал, халамж тавьдаг билүү.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3-р зүйлд "Хүүхдийн талаар гаргах бүх шийдвэрт хүүхдийн ашиг сонирхол нь нэн тэргүүний асуудал байна" гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн бүхий л шийдвэр гаргах түвшний бодлогууд хэрэгжихдээ хүүхдэд хэрхэн тусах вэ, ямар байх вэ гэдгийг харгалзах ёстой байдаг. Насанд хүрсэн хүн өөрийн эрхийн төлөө дуугарч, эрхээ хамгаалахуулах тодорхой үйлдэл, шийдвэрийг гаргаж чаддаг бол хүүхдэд тийм боломж үгүй.

Иймээс дан ганц гэр бүл, асран хамгаалагч бус төр, нийгэм хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг.

Олон улсын байгууллагууд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалалд зарцуулсан хөрөнгө нь ирээдүйд хамгийн өндөр нийгэм, эдийн засгийн өгөөж авчирдаг гэж үздэг. Хүүхдийн хөгжлийг орхигдуулбал ядуурал, гэмт хэрэг, ажилгүйдэл, эрүүл мэндийн асуудал дараагийн үед улам нэмэгдэнэ гэж үздэг учраас тэр билээ.

Мөн UNICEF хүүхдийг зөвхөн хамгаалах объект биш, харин эрх эдлэгч хүн гэж тодорхойлдог. Хүүхэд нас бол тусгай хамгаалалт шаарддаг үе бөгөөд төр, нийгэм хүүхдийн хөгжих, сурах, аюулгүй өсөх орчныг бүрдүүлэх үүргийг үргэлж хүлээнэ. Үүний илрэл нь боловсрол, эрүүл мэндийн салбарын хүүхэд рүү чиглэсэн бодлогоос харагддаг. Гэтэл 2026 оны төсвийг батлах үед боловсролын салбарын сайдын төсвийг танасан. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-уудын үйл ажиллагаа тодорхой түвшинд хумигдах нөхцөл үүсэж байгаа зэргээс харвал Засгийн газрын хүүхэд рүү чиглэсэн бодлогууд ердөө цаасан дээр хэрэгжиж байна гэж ойлгохоор.

Дан ганц төр гэлтгүй өдөр тутмын амьдралдаа иргэн бүр хүүхдийн аюулгүй байдалд анхаардаг, хүнлэг, ёс суртахуунтай байдлаар хүүхдэд үлгэрлэдэг байж гэмээнэ бидний бүтээхийг хүсэж буй хүмүүнлэг нийгэм цогцолно.

Бид ямар байхаас, насанд хүрэгчид энэ нийгмийг хэрхэн авч явахаас хүүхдийн төлөвшил, хүүхдийн эрх, хүүхдийн ирээдүй сайжирна гэдгийг бүх нийтээр ухамсарлах нь зүй биз ээ. Миний хүүхэд сайн өсвөл, сайн боловсрол эзэмшвэл, эрүүл байвал биш ХҮҮХЭД БҮР ийм эрхтэйг бодолцож нийгмийн шийдвэр гаргалтуудад хүүхэд рүү чиглэсэн бодлогуудад хяналт, оролцоогоо бид нийтээр сайжруулах ёстой юм.

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

BIBIBI GESEN MINII GESEN ENE NIIGEMD HUNII HUUHDIIG NOHOI SHIG TOOHGUI BOLJEEE. BUSDAD NAIDALTGUI SHUU

Холбоотой мэдээ

Back to top button