Г.Дамдинням: ОХУ шатахууны хомсдолтой, хязгаарлалттай буй ч манайд сав суулга дүүрэн, хангалттай байгаа
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газраас өргөн барьсан. Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Өнөөдөр ажлын хэсэг нь байгуулагдчих байх. Хаврын чуулгандаа багтаагаад батлуулах зорилготой ажиллаж байна. МАН-ын бүлгээр хоёр удаа хэлэлцэгдэж, дэмжигдсэн.
Хоёрт. Шатахуун тостой холбоотой мэдээлэл өгье. Бодит байдлыг та бүхэн харж байгаа байх. Ний нуугүй хэлэхэд бид маш хүндрэлтэй, гэхдээ таатай нөхцөл байдалд байгаа. Таатай байдал маань удах үгүйг би хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Москва хотод шатахууны хомсдолтой байна. Мөн захын мужуудад хомсдолтой байгаа. Оочир дараалал ихтэй, хязгаарлалттай олгож байна. ОХУ-ын зүгээс "Манай дотоодод худалдаалагдаж байгаа үнээс танайх хоёр дахин бага үнээр хэрэглэж байгаа шүү" гэж байгаа.
Бид "гэрээ хэлэлцээрийнхээ хүрээнд ажиллана" гэж хариу өгч байгаа. Үнэнийг хэлэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ-ын талтай найман удаа уулзсан. Сар болгон л явж байна гэсэн үг. Яриа хэлэлцээрийн ачаар л ажил үргэлжилж байна. Чадахаасаа чадахгүй хүртлээ л явна. Одоогийн байдлаар нөөц аюултай байдалд хүрээгүй. Сав суулга дүүрэн, хангалттай байгаа. Урд хөршөөсөө нефтийн бүтээгдэхүүн авъя гэх хүсэлтийг байнга тавьж, ажиллаж байна.
Алт-3 аяныг хэрэгжүүлэх тухай УИХ, Засгийн газрын тогтоол гарсан. Хэрэгжүүлэх хүрээнд уулын ажлын төлөвлөгөөг хурдавчлах, байгаль орчны төлөвлөгөөний дүгнэлтийг хурдавчлах, хариуцлагажуулахаар ажиллаж байгаа. Ахиц гарч байгаа. Гэвч өнгөрсөн олон хугацаанд байсан нөхөн сэргээлттэй холбоотой дутагдалтай зүйлс байгааг бид бүхэн санаж байгаа. Уурхайн талбай гэдэг бол цусаар бичигдсэн дүрэмтэй. Хүүхэд битгий хэл хамгаалалтын хувцасгүй хүн орох хориотой газар. Нөхөн сэргээлттэй холбоотой агуулгаар Ц.Сандаг-Очир сайд ярих байх.
Байгаль орчны тухай хуулиараа зохицуулагдсан асуудал. Өнөөдөр нэр нь сэргэсэн "Монголросцветмет" гэж газар энэ ажлыг хийдэг. Байгаль орчинд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх туршлага практик бий. Үүнд туршлагагүй хүмүүс ч байдаг. Туршлагагүй жижиг хэсгийнхний балгаар манай салбарын нэр хүнд унадаг. Энэ бол төсөвт оруулж буй хувь нэмэр нь 5 хувьд ч хүрдэггүй газрууд бүтэн салбарын нэр хүндийг унагаад байдаг. Бид шахалт үзүүлж ажилладаг.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.