УДШ-д бүртгэгдэж чадаагүй улс төрийн 8 намтай танилц

Монголын Либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Ард түмний нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭ нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн намыг Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцож, эд хөрөнгийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр болсон байна.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтыг шинэчлэн батлах, дээрх жагсаалтад бүртгэгдээгүй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хугацаа /2025 оны 12 дугаар сарын 31/-ны дотор намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх өргөдөл ирүүлээгүй намуудыг УДШ-д бүртгэлгүйд тооцлоо. Нэрлэвэл, Монголын Либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Ард түмний нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭ нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам. Улмаар намын эд хөрөнгө, төлбөр тооцоотой холбоотой бусад асуудлыг Улс төрийн намын тухай хууль болон Иргэний хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдсан байна.
Ташрамд дурдахад, ИЗНН дотооддоо зодолдсоор Засагт багтаагүй, УДШ-ээс дүрмийг нь дөрвөн удаа буцаасан ч Б.Батбаатар Ерөнхийлөгчид дэвших мөрөөдлөө гурван сарын өмнө ил тод зарласан. Удалгүй намдаа элсэхийг урьж, бүр ЕНБД-аар томилж, УИХ-ын гишүүний суудалд хөтөлж оруулсан Р.Батболддоо тамгаа булаалгахдаа дөхөж, арга барахдаа намаасаа хөөчихсөн.
Улмаар УДШ-д хууль бус хурлаар сонгогдсон Р.Батболд болон тамгаа атган суугаа Б.Батбаатар нарын хоёр дүрэм хянагдав. Шүүхээс ИЗНН-д маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэмтэй болох хугацаа олгож шийдвэрлэсэн. Тухайлбал, “Улсын дээд шүүх нэг намаас нэг дүрэм бүртгүүлэхээр ирүүлсэн нэг өргөдлийг хүлээн авч хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр бүртгэсэнгүй. ИЗНН-д дотоод маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэм, нэг өргөдөл ирүүлэх хугацаа олголоо. Тус нам |2026.06.29|-ний дотор нэгдсэн шийдвэр гаргах хэрэгтэй боллоо.
Энэ хугацаанд намын дүрмээ бүртгүүлэх нэг өргөдлийг дүрмийн хамт ирүүлэхийг ИЗНН-д тус шүүх даалгав. Нэг үгээр бол Б.Батбаатарт маргаанаа эцэслэн, нэг дүрэмтэй болж, намаа авч үлдэх зургаан хоног үлдээд байна.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.