Орон нутагт шүлхий тархсантай холбоотойгоор нийслэлийн 317 мянган толгой бог малыг вакцинжуулна
Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/928 тоот захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Уг ажлын хүрээнд зургаадугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийнэ.
Мөн энэ оны хаврын вакцинжуулалтын хүрээнд үхэр, гахайг толгой бүрчлэн дархлаажуулсан байна. Харин орон нутагт шүлхий өвчин тархсантай холбоотойгоор нийслэлийн 317 мянган толгой бог малыг нэмэлтээр вакцинжуулах ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Улаанбаатар хотод нийт 430 гаруй мянган толгой таван хошуу мал байдгийн 317 мянга нь бог мал. Бог малын тоо олонтой Багануур дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ойрын хоёр хоногт бүрэн дуусгах төлөвтэй байна гэв. Өөрөөр хэлбэл баяр наадмаас өмнө дархлаажуулалтыг хийж нийслэл орчмын эрсдлийг бууруулах аж.
Түүнчлэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах, хүнсний зах, худалдааны төв болон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт шинжилгээг хийж, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулан ажиллана гэв.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.