Бизнес мэдээ

Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил

Санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн "Юнайтед санхүүнгийн нэгдэл" худалдааны дэд бүтэц түшиглэн санхүүгийн зах зээлд хүч нэмнэ.

Монголын санхүүгийн салбарт банк, банк бус санхүүгийн байгууллага, финтекүүд өөр өөрийн өнгөөр өсөн хөгжиж байна. Энэ өсөлтийн дунд нэгэн сонирхолтой өнгө нэмсэн компани бол “НОМИН Юнайтед” ХХК буюу бидний нэрлэж заншсанаар “Юнайтед санхүүгийн нэгдэл” юм. “НОМИН Холдинг” группийн дээвэр дор үйл ажиллагаа явуулж буй тус компани Монгол Улсын өнцөг булан бүрд бий болсон худалдааны сүлжээний хүчирхэг дэд бүтцээр дамжуулан санхүүгийн үйлчилгээг орон даяар хүргэж байна.

Тэд зээл, хадгаламж, даатгал, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, онгоцны тийз, тасалбарын борлуулалт, “НОМИН бонус”, “U-Point” картын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсний зэрэгцээ үүрэн оператор, хиймэл дагуулын үйлчилгээг ч санал болгодог. Санхүүгийн хэрэгцээ цөм багтсан энэ шийдэл түгжрэл дундах баянбүрд гэлтэй.

“Өнөөгийн завгүй хэмнэлд санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, нэг байршилд шийдэх нь бидний зорилго байсан. Манай харилцагчид олон газраар явж, цаг, мөнгөө үрэх шаардлагагүй” хэмээн “НОМИН Юнайтед” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганбаяр онцолсон.

Мөн Монголын хамгийн анхны, хамгийн амжилттай лояалти платформуудын нэг болох “НОМИН бонус” оноог санхүүгийн үйлчилгээнд хослуулан ашиглаж, урамшуулалд зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь тун сонирхолтой.

Урамшууллын онооны тухайд, энэ системийг “НОМИН Холдинг” ХХК анх 1999 онд нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн худалдан авалтын үнийн дүнгийн 3-10 хүртэлх хувьтай тэнцэх оноог олгодог болсон түүхтэй. Эл үйл явдал Монголын худалдаа, үйлчилгээний байгууллагуудад урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг тогтоогоод зогсохгүй, дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй урамшууллын системээрээ эн зэрэгцэх том алхам болсон юм.

Түүнчлэн “НОМИН” буцаан олголтын хувь хэмжээгээрээ дэлхийн сүлжээ дэлгүүрүүдийн эхний эгнээнд багтаж буй. Өдгөө “НОМИН бонус” оноо хэрэглэгчдийн соёлд гүн шингэж, хэрэглээний цар хүрээгээрээ зах зээлд тэргүүлж байна. Одоогоор тэд урамшууллын системдээ 1.2 сая гаруй хэрэглэгчийг нэгтгэж чаджээ.

Иймдээ ч “НОМИН бонус” оноо санхүүгийн үйлчилгээг дэмжих бүрэн чадамжтай. Дэлгүүрээс цуглуулсан оноогоороо жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдчихвал сэтгүүлч надад лав “хөөрхөн” санагдана. Энэ мэтчилэн та урамшууллын оноогоо ашиглаж, давуу эрх, тусгай нөхцөлүүдийг бодит утгаар нь мэдрэх боломжтой.

Хамгийн чухал нь санхүүгийн байгууллагууд нэг дор төвлөрсөн учир тус тусын нөхцөлийг харьцуулж, тайлбарлуулан өөрт тохирох хувилбараа сонгох боломжтой. Ажилтан танд бүх хувилбарыг танилцуулахаас гадна мэргэжлийн дүн шинжилгээ хийж, өрийн дарамтаас сэргийлэхэд зөвлөх юм. Шаардлагатай бол “үгүй” гэж хэлж, зөвлөгөө өгнө. Энэ бүхэн нь харилцагчаа эрсдэлээс сэргийлэх зорилготой.

Цахимжилтын цаадах бодит хэрэглээ

Монгол Улс банк, санхүүгийн үйлчилгээний цахимжилт, хүн амд ногдох данс эзэмшигчдийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч “1072 хувьцаа” эзэмших, “хүүхдийн мөнгө” авах хэрэгцээ шаардлага энэ тоонд жин дардаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээг салбараар авах иргэдийн тоо өндөр хэвээр байна.

Тиймээс “Юнайтед санхүүгийн нэгдэл” худалдааны сүлжээнд түшиглэн уламжлалт үйлчилгээг хадгалж, нөгөөтээгүүр өөртөө үйлчлэх төхөөрөмж, киоск байршуулах, финтек платформ хөгжүүлэх зэргээр илүү өргөн сувгаар харилцагчдадаа хүрч байна.

Мөн компани бүр өөрсдийн томоохон хөрөнгө оруулалтаар тус тусын оффис байгуулдаг жишгээс татгалзаж, худалдааны дэд бүтэц түшиглэн ажиллаж буй нь салбарын хүртээмжийг харьцангуй хурдтай тэлэх боломжийг бүрдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар “Юнайтед санхүүгийн нэгдэл” Улаанбаатарт ес, орон нутагт есөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашид улс орны өнцөг булан бүрд байрлах “НОМИН”-ийн бүх сүлжээнд салбараа нээж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг тэлэхээр төлөвлөж байгаагаа компанийн гүйцэтгэх захирал С.Ганбаяр онцолсон.

Бизнесүүдийн санхүүгийн түнш

“Юнайтед санхүүгийн нэгдэл” иргэдээс гадна бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ онцгой ач холбогдол өгдөг. Ялангуяа “НОМИН” сүлжээ дэлгүүрийн олон зуун ханган нийлүүлэгч, хамтрагч байгууллага, худалдааны төвийн түрээслэгчдэд санхүүгийн гол түнш нь болж чаджээ.

Худалдааны бизнес эрхлэгчид тодорхой нөхцөлийн дагуу “НОМИН бизнес” карт эзэмшсэнээр худалдааны болон санхүүгийн олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

Уян хатан нөхцөлөөр зээл авах, агуулах болон сүлжээ дэлгүүрүүдээс бараа материалаа бөөний хөнгөлөлттэй үнээр татах зэрэг боломжууд нь эргэлтийн хөрөнгө сорилт болж байгаа энэ үед хамтдаа хөгжих боломжийг бизнесүүдэд олгож буй бодит шийдэл юм.

Дэлхий дахины хувьсал

Худалдааны сүлжээ, лояалти систем, финтек, санхүүгийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлж буй энэ чиг хандлага дэлхий дахинд эрчээ авч байна.

Тухайлбал, АНУ-ын “Walmart” зөвхөн худалдааны сүлжээ байхаа больсон. Тэд төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ, лояалти платформуудаа хурдацтай хөгжүүлж байна. “Amazon” ч ялгаагүй, хэрэглэгчдийнхээ өгөгдөлд тулгуурлан “тэр зүг”-т хэдийнэ хөдөлжээ.

Харин Япон, БНСУ зэрэг улсад “retail conglomerate”-ууд урамшууллын систем, финтек, кредит үйлчилгээ, даатгалын бүтээгдэхүүнээ худалдааны сүлжээтэйгээ уяж, хөгжлийнхөө дараагийн шат руу тэмүүлж байна.

Дэлхий нийтийн энэ хувьслын цаана энгийн шалтгаан бий. Шинэ цагийн хэрэглэгчид олон газраар орж, цаг алдахыг хүсдэггүй болсон. Тиймээс “НОМИН”-оор овоглосон санхүүгийн мэргэжилтнүүд энэ чиг хандлагыг соргогоор мэдэрч, уян хатан нөхцөл, зах зээлийн таатай хүү, харьцуулах боломж, үйл ажиллагааны хүртээмжээрээ дамжуулан санхүүгийн салбарт цоо шинэ өнгө нэмж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button