УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, бүтээн байгуулалттай танилцав

УИХ-ын дарга С.Бямбацогт наймдугаар сарын 20-нд Төв аймагт ажиллалаа. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилттэй танилцав.
Мөн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хос бэрс агро ферм” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн үйл явцыг үзэж сонирхов.
Тус компани нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим га эргэлтийн талбайд улаан буудай, хөх тариа, овьёос, таримал тэжээл зэргийг тариалж, малын тэжээлийн хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо бүрдүүлдэг байна.
Мөн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлж, 160 гаруй үхэр, 1000 гаруй бог мал өсгөн үржүүлж байна. Өндөр ашиг шимт сүүний чиглэлийн үүлдрийн үхрийг нутагшуулан, зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргээ нэмэгдүүлж байгаа нь салбарын хөгжлийн сайн жишээ болж байгааг онцоллоо. Тус ферм зуны улиралд хоногт 1.2 тонн хүртэл сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэсэн сүүгээ жилийн дөрвөн улирлын турш дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлдэг аж.
Түүнчлэн газар тариалан, мал аж ахуйг уялдуулан хөгжүүлж, тэжээлийн зардлынхаа 80 орчим хувийг өөрсдийн үйлдвэрлэлээр хангаж, эрдэнэшиш, ногоон тэжээл зэрэг таримлыг тариалан малын тэжээлээ бэлтгэдэг нь бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх бодитой туршлага болж байгааг талууд онцолсон юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт энэ үеэр “Сүү бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хараат байдлыг бууруулахын тулд фермерүүдийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих шаардлагатай” хэмээн онцлов.
Тэрбээр цаашид сүүний литр тутмын урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэх, хамрах хугацааг сунгах, сүүний фермерүүдийн тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, мөн татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох саналуудыг судалж, бодлогын түвшинд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Төв аймаг дахь ажлын айлчлалын үеэр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн уялдаа холбоог амжилттай хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.