Нийгэм мэдээ

Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх саналд 24 мянган иргэн гарын үсэг зуржээ

Монгол Улс 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад улсад гаргах тоо хэмжээг Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталжээ. Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болдог билээ.

Сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой олны анхаарлыг татсан процесс өрнөөд буй. Иймд шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх саналд иргэд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 24,705 иргэн гарын үсгээ зуржээ. Нийт 100 мянган хүний гарын үсэг зурж байж энэ асуудлыг их хурлаар авч хэлэлцэх юм.

Тус өргөдлийг иргэн А.Хонгорзул санаачилсан бөгөөд өргөдөл гаргасан шалтгаанаа ийн тайлбарлажээ.

Бид, Монгол Улсын иргэд, Монгол орны биологийн олон янз байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, цаашид ийм зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг судалж шийдвэрлэхийг хүсэж энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна.

Өргөдөл

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын Засгийн газраас жил бүр баталдаг шонхор шувуу барих квотыг хүчингүй болгож, зэрлэг байгалиас шонхор барих зөвшөөрөл олгох бодлогыг дахин хянан үзэхийг хүсье.

Үндэслэл 1. Шонхор нь Монгол орны экосистемийн чухал бүрэлдэхүүн бөгөөд идэш тэжээлийн хэлхээний дээд түвшний махчин шувуу юм.

2. Зэрлэг популяцаас шувуу барих нь тухайн зүйлийн тоо толгой, үржил, тархалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

3. Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах, ховор амьтдыг зохистой ашиглах талаар үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын өмнө үүрэг хүлээсэн.

4. Байгаль хамгаалал, шинжлэх ухаанд суурилсан бодлого нь богино хугацааны эдийн засгийн ашиг сонирхлоос давуу байх шаардлагатай.

5. Иргэдийн дунд шонхор шувууг хамгаалах хүсэл, нийгмийн хүлээлт нэмэгдэж байгаа тул энэ асуудлыг олон нийтийн оролцоотойгоор дахин авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлага Иймд Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсье.

* Шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох.

* Шонхор шувууг зэрлэг байгалиас барих зөвшөөрлийг зогсоох асуудлыг судалж, шийдвэрлэх.

* Шонхорын популяцын талаарх шинжлэх ухааны судалгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх.

* Байгаль хамгаалах төрийн бодлогод иргэд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх. Энэхүү өргөдлийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан иргэдийн эрхийн хүрээнд гаргаж байгаа бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан хугацаанд хянан үзэж, хариу шийдвэр гаргахыг хүсье.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button