Ц.Идэрбат: Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Улсын хэмжээнд 2026 онд 369 мянган га-д үр тариа, үүний 317 мянган га-д улаанбуудай, 12 мянган га-д төмс, 13 мянган га-д хүнсний ногоо, 94 мянган га-д малын тэжээл, 90 мянган га-д тосны ургамал нийтдээ 580 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
“Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн технологит ажлыг хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, арилжааны долоон банктай санхүүжилтийн гэрээ байгуулсан. Арилжааны банкнаас 906 иргэн, аж ахуйн нэгжид 138 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 45 иргэн, аж ахуй нэгжид 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг олгосон. 10 мянган тонн төмсийг нөөцөлж, хадгалах зоориор хангаж ажиллана. Махны нийлүүлт урьд өмнөх жилтэй харьцуулахад бага байгаа. Нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгө тавьсан. Аймгийн засаг дарга нартай хамтарч ажиллана.
Хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодоос хангана
Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр хоёр төрлийн нийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээл олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдсэн.
Ургацын урьдчилсан балансаар 555 мянган тонн үр тариа үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168 мянган тонн төмс, 218. мянган тонн хүнсний ногоо, 50 мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвлөгөө гарсан.
Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн хураалт 85 хувиар өсөх төлөвтэй байна
Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229 мянган тонноор буюу 85 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54 мянган тонноор буюу 47 хувиар, таримал тэжээл 3.6 мянган техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21 мянган тонноор буюу 9 орчим хувиар буурах урьдчилсан тооцоо гарсан.
Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна.
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 186 мянган тонн, хувийн хэвшилд 371 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ буудай хүлээн авахад бэлэн болсон.
Ургац хураалтад Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн албан хаагч, сонсогч, оюутан, залуучуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.
Энэхүү бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлж, сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгдсэн.
Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-өөс 13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200 мянган тонн байсан бол 2025 онд 260 мянган тонн болж, 30 хувиар өссөн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ.
Шүлхийн голомтын тархалтын хязгаарлаж, хариу арга хэмжээ авч байна
2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан хоёр үе шаттай яаралтай дархлаажуулалт зохион байгуулж, нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал, амьтныг хамруулсан. Үүний үр дүнд Ховд аймагт зургадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 8-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Харин наймдугаар сарын 17-нд Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт 4 дүгээр багт, наймдугаар сарын 22-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр аль аль нь SAT-1 хэвшил болохыг баталгаажуулжээ. Тиймээс шүлхий гарсан сумдад 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо" хэмээсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.