Хандивын, хуучин ширээг гардуулах Ж.Галбадрахын санаа, түүнд хөөрцөглөх Хотын дарга Б.Пүрэвдагва
МАН-ын жагсаалтын 11, багш нарын төлөөлөл Ж.Галбадрах. Гишүүн болоод хоёр жил болохдоо нэг ч хуулийн төсөл батлуулаагүй, ганц дорвитой санаачилж хийсэн ажилгүй энд хүрсэн тэр Японоос хуучин ширээ сандал авч ирж нийлүүлэх мэргэн санаагаа хэрэгжүүлж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна.
Ж.Галбадрахын хувьд монголд хоёр, японд гурван их сургуулийг дүүргэсэн, Докторант хүн. Насаараа боловсролын салбарт ажиллаж, бүх асуудлыг нь биеэрээ туулсан, салбарын сайн төлөөлөл хэмээн жагсаалтаар орж ирсэн. Угтаа гишүүний ажил гэдэг Японоос сандал, ширээ "чирж" ирэх бус салбарынхаа асуудлын гол цөм, бодлогод анхаарч, ярьж, санаачилж, нөлөөлж суумаар.
Хандивын хуучин ширээ нийлүүлж, ёслол хийсэн нь,

2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглагдаж байсан ширээ сандлыг ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аймгийн сургуульд хандивлалаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургууль болон Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуульд 400 сурагчийн ширээ, сандлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургуулийн удирдлагуудад өчигдөр |2026.08.27|-ны өдөр хүлээлгэн өгөв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нийслэлийн хэд хэдэн сургуулиар явж, сургалтын орчны нөхцөл байдалтай танилцахад ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй сургуулиуд цөөнгүй байсан. Тиймээс нийслэлд хандаж, Япон Улсаас 400 ширээ, сандал оруулж ирэх боломжтойгоо илэрхийлсэн. Япон Улсын Ямагата муж болон “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнээр харилцан дэмжиж ажиллах тухай заалт бий. Үүнийг үндэслэн Ямагата мужид хүсэлт гаргаж, ширээ, сандлыг Монголд авчирсан. Хүүхэд тав тухтай, шаардлага хангасан орчинд суралцаж байж чанартай боловсрол эзэмших боломж бүрдэх учраас цаашид боловсролын салбарт цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байна” гэв.
Хуучин ширээ сандал нийлүүлсэнд Б.Пүрэвдагва хөөрцөглөхдөө “Удахгүй 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жил нийслэлийн төрийн болон хувийн өмчийн 340 сургуульд 422 мянган сурагч хичээллэж, 37 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Энэ хичээлийн жилийн нэг онцлог нь хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх “Хотхоны бага сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 21 бэлэн объектыг түрээслэн бага сургууль болгон ашиглаж, 8700 орчим хүүхдийг хамруулах боломж бүрдээд байна.
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилга гаргаж, Япон Улсаас 400 ширээ, сандлыг Улаанбаатар хотод авчирч, нийслэлийн хэрэгцээтэй сургуулиудад хүлээлгэн өгч байгаад талархаж буйгаа илэрхийлье. Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа болон “Хотхоны бага сургууль”-д ширээ, сандлын хэрэгцээ их байгаа. Цаашдаа дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маань сурагчийн ширээ, сандлыг үйлдвэрлэж, нэг стандарт тогтоож чадвал нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” хэмээжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.