Улс төрийн халуун сэдэв

Токио, Бээжингийн харилцаа муудсан үед Японы Гадаад хэргийн сайд Монголд айлчлав

Япон, Монголын Гадаад хэргийн сайд нар харилцаагаа бэхжүүлж, аюулгүй байдал болон хиймэл оюуны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын уулзалт энэ оны эхээр БНХАУ, Монголын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийсний дараа болж буйгаараа бүс нутгийн олон улсын шинжээчдийн анхаарлыг татсан юм.

Хятад, Оросын хооронд стратегийн чухал байрлалд оршдог Монгол Улстай найрсаг, таатай харилцаагаа хадгалахыг Токио болон Бээжин аль аль нь зорьж буй. Мотэги Тошимицү, Б.Батцэцэг нар мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзсан сайд нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын ач холбогдлыг дахин нотолж, Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа баталгаажуулжээ. Түүнчлэн Японы иений зээлийн санхүүжилтээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажилд Япон Улсаас үзүүлж буй дэмжлэгийн ахиц дэвшлийг хоёр тал сайшаан тэмдэглэсэн байна. Далайд гарцгүй Монгол Улсын олон улсын тээвэр, харилцаа холбооны боломжийг нэмэгдүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой гэж Японы тал үзэж буйгаа илэрхийлэв.

Мотэги Тошимицүгийн Монгол Улсад хийсэн айлчлал нь Японы Гадаад хэргийн сайдын түвшинд сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд хийсэн анхны айлчлал болжээ. Энэхүү айлчлал нь БНХАУ Ази тив дэх улс төр, эдийн засгийн нөлөөгөө улам тэлж, Токио, Бээжингийн харилцаа эрс муудаж буй үед болж байгаагаараа онцлог юм.

БНХАУ-ын тэргүүн дипломатч Ван И болон Б.Батцэцэг нар өнгөрсөн зургаадугаар сард уулзах үеэрээ фашизм болон милитаризмын бүхий л хэлбэрийг эсэргүүцэх байр суурийг илэрхийлсэн. Энэ нь Япон Улсын батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх бодлогод чиглэсэн шууд бус шүүмжлэл байсан гэж тухайн үед БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Мотэги Тошимицү Монгол Улсад айлчилснаар Туркменистан, Словак, Австри улсыг хамарсан дөрвөн улсын айлчлалаа өндөрлүүлэв. Тэрбээр Б.Батцэцэг сайдтай өмнө нь энэ оны зургаадугаар сард Токио хотноо уулзаж байжээ.

Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаатай байдгийг харгалзан Мотэги Тошимицү Японы иргэдийг Пхеньян хулгайлан авч явсан гэх олон жил үргэлжилж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд Монгол Улсаас үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн байна.

Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр тохиролцоод, буцжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button