Улс төрийн мэдээ

10 жил засагласан МАН-ыг алгасаж, АН-ын даргыг генсектэй нь урьсан урд хөршийн мессеж

АН-ынхан УИХ-ын ээлжит бус чуулганд унтууцаж буй шалтгаанаа нуусангүй. Тухайлахад, Л.Гантөмөр гишүүн "АН-ынхан Хятадын Коммунист намаас уулзах урилга авангуут УИХ-ын ээлжит бус чуулганыг зориуд давхцуулан хуралдууллаа" гэж маш тодорхой байр суурийг өчигдөр илэрхийлэв.

Монголд 2016 оноос хойш тасралтгүй 10 жил МАН парламентын сонгуульд олонх болж, төрийн эрхийг барьж байна. Энэ хугацаанд Хятадын Коммунист намаас МАН-ыг удаа дараа эх орондоо урьж, уг улс төрийн инстутицтэй хамтралаа ямагт нэгдүгээрт эрэмбэлсээр ирсэн. Үүнийгээ ч албан уулзалтууд дээр нуулгүйгээр "Бид улс төрийн намуудаас чинь танайхтай л харилцаад явах хүсэлтэй байна" гэдгээ хэлдэг гэгддэг.

Өнгөрсөн онд МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсон даруйд Хятадын Коммунист намаас урилга ирүүлж, тэр урд хөршид ажиллаад ирсэн кэйсээс эл зүй тогтлыг харж болно. Бүр 2019 онд С.Эрдэнийн үед тус намаас нэг удаа урьж байсныг эс тооцвол улс төрийн институцынхээ хувьд ойрын жилүүдэд АН ингэж Хятадын Коммунист намаас урилга авсан удаагүй.

Харин энэ удаа 10 жил төрийн эрхийг барьж буй МАН-ыг давуулж, АН-ын даргыг генсектэй нь Хятадын Коммунист намаас уриад байгаа юм. Тэднийг уг уулзалтад явахтай яг зэрэгцүүлэн, МАН-ынхан УИХ-ын ээлжит бус чуулган зарлачихсан нь шогчилж хэлбэл, ихээхэн "атаархсан" үйлдэл болчхов.

Үүнд АН-ын зүгээс бухимдлаа илэрхийлэхдээ УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмжээнд ҮХЦ-д хандахаа хүртэл илэрхийлсэн юм.

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Эрх баригч намын дарга түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-ын сонгууль удирдах хүлээлттэйгээр эдүгээ цагт ажиллаж байна. Уул уурхайн гаралтай түүхий эдээ экспортолдог цорын ганц хөрш болох Хятадтай засгийн эрх барьж байгаа нам эв түнжингийн алтан тохироон дээр ажиллах шаардлага үүсдэг.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг удаа дараа хөшигний хойд, урд хөршүүдийн дургүйцлийг төрүүлж, саяхан ШХАБ-ын үеэр Б.Дэлгэрсайхан сайдын хувийн бизнесийн асуудлаар Хятадууд мөн дургүйцлээ илэрхийлсэн гэх зэрэг таагүй мэдээлэл улам олон дуулдах болсон.

Энэ мэтээр урд хөрш МАН-д сэтгэл дундуур буйгаа, ирээдүйд засаглалын хэв шинжээ хэвээр хадгалж чадахгүй, сулрах төлвийг нь ч тооцож, өнөөгийн парламент дахь сөрөг хүчнийг түншсэн уулзалт хийхээр урьсан гэх утга эндээс уншигдаж буй.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button