ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Эдийн засгийн өсөлт 7.7% хүрэхэд уул уурхай, тээвэр жин дарсан ч бусад салбарын идэвхжил сул хэвээр байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдийн ээлжит хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Жилийн инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ.

Суурь инфляц наймдугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг буурсан байна. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй. 

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул байжээ. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байгааг Төвбанкныхан танилцуулгадаа дурдав.

Эдийн засгийн гадаад орчинд тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдлаа. Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгааг онцлов.

Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байгаа аж. Инфляцын цаашдын төлөв, эдийн засгийн идэвхжилийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Гэвч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэлээ.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button