Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. Харин “Apple” компани энэ салбарт өрсөлдөгчдөөсөө хоцорч байгаа юм. Тэгвэл “Apple”-ийн хиймэл оюун ухааны хэлтсийн дарга Жон Жианнандреа албан тушаалаасаа огцорчээ. Энэ талаар тус компани даваа гарагт /2025.12.01/ мэдэгдэл гаргаж, Жианнандреад долоон жил ажилласанд нь талархал илэрхийлжээ.
“Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгдэл гаргахдаа Жианнандреа нь компанийн хиймэл оюун ухааны ажлыг урагшлуулахад тусалж, “Apple”-ийг инновац үргэлжлүүлэн хийхэд хувь нэмэр оруулсан хүн гэсэн юм. Түүний албан тушаалд Амар Субраманяа томилогдох болсон байна. “Apple” компани 2024 оны зургаадугаар сард Apple Intelligence нэртэй хиймэл оюун ухаан бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан. Гэвч “Google”, “OpenAI” гэх мэт өрсөлдөгчидтэй харьцуулахад тус компани хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнээ шинэчлэх тал дээр удаан байгаа юм. “Apple” компани Siri-д хиймэл оюун ухааны шинэчлэл хийнэ гэж жил гаруй хугацаанд сурталчилсан ч үүнийгээ удаа дараа хойшлуулсан билээ.
Субраманяаг хиймэл оюун ухааны хэлтсийн захирлаар томилсон нь “Apple” хиймэл оюун ухаанд илүү анхаарал хандуулж байгааг харуулав. Тэрбээр өмнө нь “Microsoft” компанид хиймэл оюун ухааны хэлтсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Мөн “Google”-д 16 ажил ажиллахдаа Gemini хиймэл оюун ухаант чатботын ахлах инженер байсан учир салбартаа тэргүүлэгч нарын нэг юм
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.