Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Зузаарсан өрийн дэвтэрт 1-2 жил төлөгдөөгүй "талх, сүү"-ний зээл байна

Талх, сүү, төмс ногоо гэх зэрэг наад захын хэрэгцээг хангах цөөн тооны бүтээгдэхүүнийг 20-30 мянган төгрөгт авсан иргэн худалдагчийн зүг "Хүүхдийн мөнгө буухаар өгье, өрийн дэвтэртээ биччихээрэй" гэв. Энэ бол иргэдийн бодит амьдрал болоод удсан. Нэг үгээр хэлбэл, томоохон сүлжээ дэлгүүрт л өрийн дэвтэр байдаггүй. Харин иргэдтэй хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүр, эмийн сан, түлш борлуулах цэг гээд бүгдэд өр цугларсан дэвтэр бий.

"Утасны дугаарыг нь бичиж аваад л үлддэг. Өрөө удаасан учир дахин өр бичихгүй гэж халгадаггүй. Тэр хүний цаана хэдэн хүн амьдардаг болохыг мэдэхгүй шүү дээ. Цалин, хүүхдийн мөнгөө буухаар өгчих байх, гэхдээ өрөө өгөхгүй бол бид бараагаа татаж чаддаггүй. Зарим тохиолдолд зээлээр бараагаа авах нь бий" гэж худалдаа эрхлэгчид ярив.

Бид иргэдийн худалдан авах чадвар, өдөр тутмын хэрэглээндээ ямар бараа бүтээгдэхүүн худалдан авч буй талаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооноос мэдээллийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Иргэн Халтархүү: Ойрын хэрэглээ болох талх, сүүгээ тасалчихгүй юм сан гэж хичээдэг. Дэлгүүрт өргүй, мөнгөгүй бол гэрээсээ гардаггүй

Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад удаж байна. Гоё сайхан, амттай зүйл авч чадахгүй л байна. Ойрын хэрэглээ болох талх, сүүгээ тасалчихгүй юм сан гэж хичээдэг. Мөн дэлгүүрт өр тавихгүйгээр хэрэглээний зардлаа шийдчих сэн гэж боддог. Мөнгөгүй бол дэлгүүр ордоггүй. Жил ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн амьдрал тун доройтож байна. Ёстой л мөлхөж байна шүү дээ.

Иргэн Хүрэлсүх: Газар ширтэж, өр зээлээ хэрхэн барагдуулах вэ гэх шаналант хүмүүсээр дүүрчхээд байна, манай нийгэм

Би нэг байгууллагын манаачаар ажилладаг. 800 мянган төгрөгийн цалинтай. Хаанаа ч хүрэхгүй. Ажил хийх гэхээр олдохгүй, нэг газар ороод ажиллах гэхээр цалингаа өгдөггүй тохиолдолтой олон таарсан.

Жил ирэх тусам барааны үнэ өсөж байна. Ялангуяа баяр ёслолтой холбоотойгоор нэмсэн өртгөө хэзээ ч бууруулахгүй юм. Энэ хөөргөдлийг төрөөс хянадаг эсэхийг мэдэхгүй юм. Энгийн ард иргэд хоногийн хоолоо арайхийж залгуулж байна. Юун тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, түүнийг хэрэглэх. Бараг нүдний гэм. Хуучин цагт гоё сайхныг хэрэглэж, инээж хөхрөөд явдаг л байсан. Одоо бол газар ширтэж, өр зээлээ хэрхэн барагдуулах вэ гэх шаналант хүмүүсээр дүүрчхээд байна, манай нийгэм.

Иргэн Нямгаа: Айл өрх бүр өр, зээлтэй байна. Цалин, тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа болохоор л тэр шүү дээ

Бензин хомстох тоолонд, баяр ёслол ойртох бүрт л барааны үнэ өсдөг. Энэ бараг хууль болчихсон. Айл өрх бүр өр, зээлтэй байна. Хүмүүсийн ярьдгаар өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Авч байгаа цалин, тэтгэвэр нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас л өр зээл тавьж байгаа. Хэрэв хүрэлцээтэй байсан бол өр тавихгүй нь мэдээж шүү дээ. Манайд цалин нэмэгдлээ ч өр нимгэрэхгүй тогтолцоотой. Тэтгэвэр, тэтгэмж, цалин өссөн сургаар барааныхаа үнийг нэмчихдэг. Тэгэхээр чанарын ямар ч ялгаагүй байдал үүсчхэж байгаа биз дээ.

Дэлгүүр-1: Хоёр жилийн өмнөх өр бичээстэй л байна. 36 хуудастай дэвтэр 2-3 сарын дотор дүүрчихдэг

"Өрийн дэвтэр жилийн аль ч саруудад зузаан хэвээр л байдаг. Энэ сард арай бага өр тавигдлаа даа гэх тохиолдол бараг үгүй. Манай дэлгүүрээр өдөрт 50-60 хүн үйлчлүүлдэг. Тэднээс 70 орчим хувь нь худалдан авсан бараагаа өрийн дэвтэрт бичүүлээд гардаг. Бичүүлэхдээ "Цалин буухаар өгье, хүүхдийн мөнгө орохоор төлнө" гэдэг. Байнга орж ирж худалдан авалт хийдэг хүмүүстэйгээ бараг хамаатан шахуу л болчихсон. Өрөө хэдийгээр удаадаг ч гэсэн дахиж өгөхгүй гэх зүйлгүй. Хэлсэн хугацаандаа өгөөрэй гээд л энэ дэвтэртээ бичээд үлддэг дээ. Зарим нь их удна. Одоогоор манай өрийн дэвтэрт 1-2 жил болчихсон өр бичээстэй л байна. 36 хуудастай дэвтэр 2-3 сарын дотор дүүрчихдэг. Иргэд тавьсан өрөө төлөхгүй байгаатай холбоотойгоор худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ татаж чадахгүй байдал олон. Заримдаа апп, банк, хувь хүмүүсээс зээлээд бараагаа татахад хүрдэг.

Иргэдийн амьдрал, худалдан авах чадвар жил ирэх тусам л муудаж буй нь ажиглагддаг. Жишээ нь чихэр, шоколад зэрэг тансаг хэрэглээнд тооцогдох бараа бүтээгдэхүүний гүйлгээ тун муу болсон. Дийлэнхдээ талх, сүүгээ л авч байна"

Дэлгүүр-2: Өрөө удаалаа гээд дахиж өгөхгүй байж чаддаггүй. Цаана нь хэдэн хүн өлсөж, цангаж байгааг мэдэхгүй шүү дээ

"Иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилүүдээс тун муудсан. Нэг удаадаа 5-20 мянган төгрөгийн бараа худалдаж авна. Ингэхдээ дандаа өргөн хэрэглээний, өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн авдаг. Төмс, сонгино, сүү, гурил, будаа зэргийг л дийлэнхдээ авдаг гэсэн үг. Иргэдийн амьдрал цалин, хүүхдийн мөнгө, тэтгэмж зэргээ хүлээж л өнгөрч байна. Тус мөнгө нь орж ирэхээр өнгөрсөн хугацаанд үүссэн өр төлбөрөө дарж нэг амьсгаа аваад дараагийнх хүртлээ бүсээ чангалж байх шиг. Манай дэлгүүрт өрийн дэвтэр бий. Нээгдсэн цагаасаа хойш л байсан.

Он гарснаас хойш гурав дахь дэвтэртээ бичигдээд явж байна. 48 хуудастай дэвтэр бол 3-4 сарын дотор дүүрчихдэг. Зарим хүмүүс хэлсэн хугацаандаа өгдөг ч зарим нь өгөхгүй удна. Бичүүлсэн утасны дугаараа хааж, алга болно. Жил гаруйн өмнө авсан өрөө одоог хүртэл өгөөгүй хүмүүс олон байна. Иргэний үнэмлэх, бичиг баримтыг барьцаанд авахаа больсон. Бүх юм цахимд шилжсэн, дахин хэвлүүлэн авах боломжтой учир бодит барьцаа болж чаддаггүй. Өгчих байх гэсэн итгэлээр л утсыг нь тэмдэглээд үлдэхээс өөр аргагүй. Өрөө удаадаг юм чинь дахиж бараа зээлээр өгөхгүй гэж хатуурхаж бас чаддаггүй. Хойно нь хэдэн ч хүүхэд бүлтийгээд сууж байгааг мэдэхгүй, хэчнээн хүн өлсөж, цангаж байгааг мэдэх аргагүй шүү дээ. Угаас иргэдийн амьдрал ямар хүнд байгааг мэдэх тул өгөөд л явуулдаг даа"


Нэг кг үхрийн цул мах 23,818 төгрөгийн үнэтэй байна

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Өнөөгийн байдлаар Монгол Улсын өрхийн сарын дундаж орлого 3 сая, голч цалин 2.4 сая төгрөг буй. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75.6 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 5.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай ҮСХ-ноос мэдээллээ.

Мөн мөнгөн орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 345.5 (14.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 45.5 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл, мөнгөн орлогын 57.7 (1.6 сая) хувийг цалин хөлсний
орлого, 21.4 (599.4 мянга) хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого, 7.7 (214.7 мянга) хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, 7.2 (201.4 мянга) хувийг бусад орлого, 6.0 (168.2 мянга) хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого бүрдүүлж байна.

Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний захын ханшийн хамгийн сүүлийн буюу 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдээллээр

  • Нэгдүгээр зэргийн гурил ₮2484
  • Атар талх ₮2707
  • Нэг кг цагаан будаа ₮4966
  • Нэг кг хонины мах ₮16,538
  • Нэг кг үхрийн ястай мах ₮20,714
  • Нэг кг үхрийн цул мах ₮23,818
  • Нэг кг адууны ястай мах ₮14,135
  • Нэг литр сүү ₮3793
  • Ургамлын тос ₮11,242
  • Элсэн чихэр /кг/ ₮4951
  • Өндөг ₮622
  • Төмс ₮2623
  • Лууван ₮2867
  • Байцаа ₮3591
  • Хүрэн манжин ₮3386
  • Сонгино ₮3789 байна. Энэ нь өмнөх сараас 0.4, өмнөх долоо хоногоос 0.7 хувиар нэмэгдсэн өртөг юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button