Мадурог амжилттай барьж "зоригжсон" Трамп одоо Ираныг онилж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп Иранд хөндлөнгөөс оролцохоор бэлтгэж байна. Тус улсад 2022 оноос хойш үзэгдээгүй өргөн цар хүрээтэй жагсаал явагдаж, эрх баригчид хүчээр дарахыг оролдож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос хойш Ираны эрх баригчид интернэтэд хандах эрхийг хааж, түүнээс хойш жагсаалын үеэр нас барсан хүний тоо эрс нэмэгдэж 500 давжээ.
Саяхан Венесуэльд амжилттай цэргийн ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог барьсан тэрбээр “зоригжиж” Иранд хөндлөнгөөс оролцон, Гринландыг улсынхаа хяналтад авна гэж мэдэгдсэн.
"Wall Street Journal" сонины мэдээлснээр, Трампын Иранд авч болох алхмуудад интернэтээр дамжуулан засгийн газрын эсрэг хүчнүүдийг дэмжих, цэргийн болон иргэний байгууламжуудад цахимаар халдах зэрэг арга хэмжээ багтаж магадгүй. Мөн тус улсад нэмэлт хориг тавих эсвэл цэргийн цохилт өгөх хувилбарууд яригдаж байна. Трампын зөвлөхүүд мягмар гарагт энэ талаар түүнд илтгэхээр төлөвлөжээ.
"Politico" сэтгүүлийн мэдээлснээр, Трампт танилцуулсан сонголтууд нь тодорхой цэгүүдэд цохилт өгөхөөс эхлээд цахим халдлага хүртэл арга хэмжээнүүд багтаж байгаа аж.
"BCA Research"-ийн геополитикийн ахлах стратегич Мэтт Герткен "АНУ Ойрх дорнод дахь цэргийн алба хаагчид болон эд хөрөнгөө хамгаалах, эсвэл эрчим хүчний урсгалыг хадгалах шаардлагатай гэж үзвэл цахим халдлага, дрон болон пуужингийн цохилт зэрэг олон арга хэрэгслийг ашиглаж болно" гэжээ. АНУ Ираны цөмийн болон цэргийн дэд бүтэц, засгийн газрын байгууламжууд руу халдаж магадгүй гэж тэрээр нэмж хэлэв. Ингэснээр тус Ираны чадавхыг сулруулж, Ойрх дорнодод эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэх боломжтой.
Арванхоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн энэхүү үймээн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон валютын ханшийн уналтаас болж дэгдсэн. Харин одоо жагсаал Ираны эрхийг барьдаг Исламын дэглэмд аюул учруулсан засгийн газрын эсрэг хүрээний тэмцэл болон хувирчээ.
Ираны эдийн засаг хүнд байдалд байгаад иргэд нь маш их бухимдалтай байна. Тус улсын үндэсний валют болох риалын ханш өнгөрсөн жил хоёр дахин унаж, түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Одоо 1 ам.доллар 1 сая орчим риалтай тэнцэж байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Техран жагсагчдын эсрэг авч буй үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ням гарагт АНУ болон Израилыг үймээнийг өдөөсөн гэж буруутгаж, хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулжээ.
Герткен хэлэхдээ "Иран АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах чадвартай. Ялангуяа бүс нутгийн эрчим хүчний дэд бүтэц рүү халдаж болзошгүй" гэсэн байна. Трампын захиргаа тус дэглэмийг заавал нураахыг хүсэхгүй байгаа аж. Харин нөхцөл байдал их дордож, засаг солих боломж гарч ирвэл л хөндлөнгөөс оролцоно гэж тэр нэмж хэлэв.
Трамп ямар алхам хийхээ нухацтай авч үзэж байгаа
"S&P Global"-ийн Дэн Ергин “CNBC” агентлагт хэлэхдээ Трампын захиргааны арга барил өдөр бүр өөрчлөгддөг ч түүний анхааруулгын ард хүч байгаа гэжээ. Учир нь Трамп Ираны асуудал дээр алхам хийх талаар урт хугацаанаас бодож ирсэн. Одоо ямар нэгэн зүйл хийж болох боломжит нөхцөл байдал үүсээд байна.

Трамп жагсагчдыг дэмжиж байгаа. Ираны эрх баригчид жагсагчдыг хөнөөсөөр байвал АНУ хөндлөнгөөс оролцоход бэлэн гэж тэр өөрийн сошиал хуудас дээрээ хэд хэдэн удаа бичсэн. Трамп бямба гарагт /2026.01.10/ "Иран улс урьд өмнө нь харагдаагүйгээр эрх чөлөө рүү тэмүүлж байна. АНУ туслахад бэлэн байна" гэжээ.
Ням гарагт /2026.01.12/ тэрбээр "Бид маш нухацтай авч үзэж байгаа. Зэвсэгт хүчнийхэн арга хэмжээ авч болох хэд хэдэн хүчтэй хувилбарууд санал болгосон. Бид удахгүй шийдвэр гаргана" гэж сэтгүүлчдэд хэлжээ. "Politico” сэтгүүл мэдээлснээр Трамп цэрэг тус улс руу илгээх бодолгүй байгаа юм. Одоогоор АНУ-ын зэвсэгт хүчин байлдааны нөөцөө шилжүүлсэн зүйл ажиглагдаагүй байна. Үүний оронд цахим халдлага болон далд ажиллагаа явуулахыг илүүд үзэж байгаа аж.
АНУ Иранд интернэт болон утасны холболтыг сэргээх арга замыг хайж байна. Трамп "Боломжтой бол бид интернэтийг нь асааж магадгүй. Энэ талаар Илон Масктай ярилцана" гэжээ. Маск хиймэл дагуулаас интернэт сүлжээ цацдаг “Starlink” нэртэй компанитай билээ.
Стратеги судлаач Дэнни Ситриновичийн хэлснээр, АНУ бэлгэдлийн чанартай жижиг цохилт өгч болох ч энэ нь маш том дайн болон хувирах аюултай. Тэр "Хүчтэй цохилт өгвөл дэглэмийн дарамтыг сулруулж болох ч, нөгөө талаас Ираны эрх баригчид илүү нэгдэж, нөхцөл байдал улам хурцдаж магадгүй" гэж нэмж хэлжээ. Мөн Иранд сөрөг хүчний удирдагч байхгүй тул ийм цохилтыг амжилттай гүйцэтгэж болох ч стратегийн хувьд үр дүнгүй байж магадгүй юм.
Ираны парламентын спикер Мохаммад Бакер Калибаф анхааруулахдаа Вашингтон цохилт өгвөл бүс нутаг дахь АНУ-ын бүх цэргийн бааз, хөлөг онгоцнууд болон Израил хууль ёсны бай болно гэж анхааруулсан. Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей ч гэсэн бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ “The Times” агентлаг мэдээлснээр нөхцөл байдал дордвол тэр ойрын хүмүүстэйгээ Москва руу зугтах төлөвлөгөөтэй байгаа аж.
"Chatham House"-ийн захирал Санам Вакил "Энэхүү эсэргүүцэл ямар ч үр дүнд хүрсэн бай, мөхөж буй төрийнх нь тогтолцооны нэр хүндэд нөхөн сэргээгдэшгүй хохирол учруулах болно" гэжээ.
Эх сурвалж: CNBC, Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.