Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийг 38 тэрбумаар нэмж, өвөлжилтөд 443 тэрбумыг төсөвлөх тодотгол зүтгүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцлээ.
Хоёрхон долоо хоногийн өмнө Хотын даргын тамгаа авсан Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийг 38 тэрбумаар нэмэгдүүлэх тодотголыг оруулж ирээд байна.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай тогтоолын төсөл зэрэг 12 асуудал хэлэлцсэн бөгөөд нийслэлийн төсвийн тодотголоор орлогоо 38 тэрбум 430 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулсан.
Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөг буюу бараг хагас их наяд төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар Б.Пүрэвдагва төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирлээ.
2025 оны 12-р сард НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийг 5.8 их наяд төгрөгөөр баталж, тодотгохдоо 5.4 их наяд болгон бууруулж, урсгал зардлыг 1.5 их наяд, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 2 их наяд, дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 13.8 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Ингэхдээ энэ онд 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 52.7 хувь нь автозам, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтэц, 8.2 хувь нь нийгмийн салбар, 6.8 хувь нь бусад салбарт гэж төсөвлөгдсөн. Мөн орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбумыг тусгасан билээ.
Б.Пүрэвдагва нэгэнт тодотгосон нийслэлийн төсвийг дахин тодотгож, ингэхдээ төсвийн зардлыг танах бус нэмэгдүүлж өргөн барив. Нийслэлийн төсвөөс гадна Улсын төсөвт ч мөн тодотгол хийх хуулийг хаврын чуулганаас өмнө өргөн барих асуудал мөн яригдсаар буй.
Н.Учрал Улсын төсвийг, Б.Пүрэвдагва Нийслэлийн төсвийг тал талд нэмэгдүүлж, тодотгол хийж буй нь цаг үеийн хувьд хамгийн эмзэг үе буюу тэдний суудал ганхах хэмжээнд хүрэх нь дамжиггүй биз ээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.