Нийгэм мэдээ

Зөв.мн сайтын редакцаас ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд шаардлага хүргүүллээ

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн албан тушаалтан нь өөрийнх нь талаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн Зөв.мн сайтыг "Өөрийнх нь зургийг ашиглалаа" гэх үндэслэлээр гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр торгуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-ын дарга зэрэг албан тушаалтнуудад шаардлага хүргүүлээд буй.

Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын дарга С.Бямбацогт нар цахим хуудсандаа байр сууриа илэрхийлээд буй юм. Үүнээс гадна Зөв.мн сайтын редакцаас ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.СҮНЖИД Танаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван Зургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй” байх иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан бөгөөд энэхүү эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлийн нэг мөн болно.

Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйлд Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхтэй болохыг баталгаажуулсан байдаг. НҮБ-ын Хүний эрхийн хорооны тайлбаруудад төрийн болон нийтийн албан тушаалтнууд нь олон нийтийн шүүмжлэл, хяналтыг энгийн иргэдээс илүү хэмжээнд тэвчих үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн байдаг.

Мөн Монгол Улсын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй болохыг хуульчилсан бөгөөд төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад хяналт тогтоохыг хориглосон байдаг.

Гэтэл төрийн болон нийтийн албан тушаалтнуудын үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт, нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг хөндөн нийтэлсэн мэдээлэлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн гажуудсан тайлбар, үндэслэлээр дарамтлах, торгох, эрүү болон зөрчлийн хуулийн хариуцлагаар сүрдүүлэх оролдлого гарсаар байна.

Тодруулбал: ЗӨВ.мн сайтад нийтлэгдсэн төрийн өмчит компаний тодорхой албан тушаалтан төрийн өмч хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэлд ашигласан тухайн этгээдийн цээж зургийг “Биометрик мэдээлэл” хэмээн үзэж, Монгол Улсын Хүний Эрхийн комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгасан агуулгатай албан бичгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн нь Хүний эрхийн талаарх олон улсын үзэл баримтлал, хэвлэлийн эрх чөлөөний зарчимд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн холбогдох зохицуулалтаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь Нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, нийтлэх эрхтэй болохыг тодорхой заасан байдаг. Төрийн болон албан тушаалтны зураг, мэдээллийг олон нийтийн эрх ашиг, хяналтын хүрээнд ашигласныг хүний эрхийн ноцтой зөрчил мэтээр тайлбарлах нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, цаашлаад жишиг болохуйц хандлага, дарангуйлал тогтоох эрсдлийг бий болгож байна.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний Комисс, хууль сахиулах байгууллагууд улстөрчдөөс ангид, хараат бусаар ажиллах Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл сүүлийн үед төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудтай холбоотой шүүмжлэл, баримтат үндэслэсэн мэдээллийг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад чиглэсэн хууль бус үйл ажиллагаа, дарамт, сүрдүүлэг, торгууль, мөрдөн шалгах шинжтэй үйл ажиллагаа нэмэгдэж буй нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой аюул учруулж байна.

Иймд:

1. Хүний Эрхийн Комиссоос ЗӨВ.мн сайтын нийтлэлд холбогдуулан гаргасан албан бичиг, дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийн талаар олон нийтэд албан ёсоор тайлбар өгөх:

2. Төрийн албыг хувийн эрх ашгийн үүднээс ашиглаж, хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хууль хүчний байгууллагад хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага хүлээлгэх агуулга бүхий албан бичиг илгээж хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох:

3. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан шинжтэй хууль хэрэглээ, практикийг таслан зогсоох:

4. Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах, нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэх эрхийг олон улсын хүний эрхийн стандарттай нийцүүлэн хамгаалах бодит арга хэмжээ авах:

5. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад нөлөөлөх, хяналт тогтоох оролдлогыг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн таслан зогсоох зэрэг шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Хүндэтгэсэн: ЗӨВ.мн сайтын редакц

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button