Шинэ хуулиуд D.Parliament дээр байршигдалгүй, яаралтайгаар орж ирж, унасан ч хэлэлцүүлдэг болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн барьсан уг хуулийн төслийг 6-р сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Уг хуульд малчдын хүүхдийг 6 настайд нь сургуульд элсүүлж, 1-2-р ангийн хичээлийг зайнаас сургаад гуравдугаар ангиас нь танхимаар сургах агуулгыг тусгасан талаар байнгын хорооны хурлын үеэр танилцуулсан. Гэтэл байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг дэмжээгүй гишүүд олонх байхад хуулийн төслөөр санал хураах үед саналаа өгч амжсангүй гэж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал гаргаж, өмнөх санал хураалтыг хүчингүй болгоод дахин санал хураах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн.
Ийн дахин санал хураалт явуулсан ч саналын тоо тэнцэж улмаар дахин унасан. Гэтэл Б.Баярбаатар гишүүн мөн л А.Ариунзаяа гишүүнтэй ижил горимын санал гаргаж, хуулийн төслөөр дахин санал хурааж дэмжүүлсэн.
Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Амгаланбаатар Нэг эрийн гурван наадмын хуулиа мөн л байнгын хороон дээр дэмжигдэлгүй унасан байхад УИХ-ын чуулганы хуралдааны өмнө УИХ-ын дарга С.Бямбацогтыг ээрч зогссоор, уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг товоос хасуулах эсэхээр санал хураалгаж байсан.
Өөрөөр хэлбэл хаврын чуулганы хуралдаанаар Засгийн газраас “яаралтайгаар” гэж хуулийн төслүүд оруулж ирж D.Parliament дээр ч байршуулж, хуулийн танилцуулга хийлгүй шууд өргөн барьж, байнгын хороон дээр унасаар байхад нь горимын санал зэргээр дахин дахин “босгож” дэгийн хууль зөрчих болов.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.