УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Суррон, скүүтерийн хэрэглээг хуульчиллаа: Явган хүний замаар явахыг хориглож, зөрчвөл торгоно

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргын 76-р захирамжаар цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулах Ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж ажилласан юм. Тус ажлын хэсэг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих эрхийг хангахад анхаарч, олон улсын сайн туршлагад үндэслэн боловсруулсан хуулийн төслөө 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр хууль болон батлагдлаа.

Шинэ хуулиар Сурроныг мотоциклтой адил, харин скүүтерийг мопед ангилалд хамааруулан зохицуулахаар тусгажээ.

Замын хөдөлгөөнд оролцох шинэ дүрэм

  • Явган хүний зам хаагдав: Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар жолоодохыг бүрэн хориглолоо.
  • Суррон унах бол А ангилал шаардана: Сурроныг зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн унаж замын хөдөлгөөнд оролцоно.
  • Скүүтер, мопед унах журам: 18 нас хүрсэн иргэн скүүтер, мопедыг зөвхөн унадаг дугуйн зам эсвэл авто замын зорчих хэсгийн баруун талын эгнээгээр жолоодох эрхтэй.
  • Сургалт ба бүртгэл: Мопед, скүүтер хэрэглэгчид сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн байх бөгөөд эзэмшигч нь тээврийн хэрэгслээ бүртгүүлэх үүрэг хүлээнэ.
  • Хүүхдэд хориглоно: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага тооцно.

Зөрчлийн тухай хуулийн шинэ торгуулиуд

Хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд дараах торгуулиудыг тусгаж өгсөн байна. (Санамж: 1 нэгж = 1,000 төгрөг)

Иргэдэд хүлээлгэх хариуцлага:

  1. Гарцаар унаж гарвал: Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарвал 50 нэгжээр (50,000 төгрөг) торгоно.
  2. Хурд хэтрүүлбэл: Явган хүний зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан, эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулвал 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
  3. Согтуугаар жолоодвол: Мопед, скүүтерийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодвол 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
  4. Хохирол учруулвал: Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй хохирол учруулвал 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
  5. Хүүхдээ унуулвал: 18 нас хүрээгүй хүүхдээр мопед, скүүтер жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийг 200 нэгжээр (200,000 төгрөг) торгоно.

Скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага

Нийтийн хэрэгцээний скүүтер, мопедын үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүд дараах үүргийг хүлээнэ. Зөрчвөл хүлээлгэх хариуцлага:

  • Зогсоол бус газарт байршуулвал: Эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн зогсоолоос бусад газарт скүүтер, мопедоо байршуулвал 50 нэгжээр (50,000 төгрөг) торгоно.
  • Технологийн хязгаарлалт хийгээгүй бол: 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаагүй хүнийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ аваагүй, мөн скүүтерээ бүртгүүлж, техник үзлэгт оруулаагүй бол хуулийн этгээдийг 500 нэгжээр (500,000 төгрөг) торгоно.
  • Даатгал ба Гэрээ: Үйлчилгээ үзүүлэгч нь заавал хариуцлагын даатгалд хамрагдах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
  • Зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлбэл: Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг (скүүтерүүдийг) хурааж, иргэнийг 10,000 нэгжээр (10 сая төгрөг), хуулийн этгээдийг 20,000 нэгжээр (20 сая төгрөг) тус тус торгоно.

 Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай. Хууль албан ёсны Legalinfo.mn сайтад байршсанаас хойш 10 хоногийн дараа иргэдэд ил тод, нээлттэй болж хэрэгжинэ. Харин хуулийн төсөлд туссан скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх ажлыг зургаадугаар сарын 30-наас өмнө хийж гүйцэтгэхээр заажээ.

Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын тогтоолын төсөл хамт батлагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргад замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх, журмыг боловсронгуй болгох, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ashgui dee

Холбоотой мэдээ

Back to top button