Парламентын засаглалтай улсын “хэмжээгүй эрхт” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиов. Тэрбээр 1968 оны зургаадугаар сарын 14-нд мэндэлжээ. Хуульт ёсны дагуу нэг жил орчмын дараа 59 насандаа Төрийн тэргүүний сэнтийгээс бууна. Тодруулбал, Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн хоёр дахь хэсэг, 30 дугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн заасан байдаг.
Хэдийгээр эртнээс сонгууль угтсан системээ угсарч, өөрт налахуйц хүмүүсээр томилгоонууд хийсэн ч цагаан дээр хараар “…зөвхөн нэг удаа” гээд биччихсэн. Тийм ч учраас сонгуулиын цуурай ойртох тусам Ерөнхийлөгч өндөр сэнтийдээ хоргодож буйгаа нууж ядаж буй нь анзаарагдана. Ямартаа л төрсөн өдрөөрөө “Дэлхий өөр нэг гарагтай мөргөлдөх гэж байсан онцгой үед төрсөн би бол ховор хүн” гэх агуулгатай видео цахим хуудсандаа түлхэн адгаж суух билээ.
Тэрхүү товч видео нь нэгт, бэлгэ ерөөлд хүндэтгэлтэй ханддаг монголчуудын сэтгэлд дасгах хийгээд орыг нь залгах Ерөнхийлөгчид тал засар технологи мэт. Хоёрт, У.Хүрэлсүх бол ховор хувь заяанд төрсөн хүн ховор тохиол бүрдэж дахин Ерөнхийлөгч болохыг байг гэх газаргүй хэмээх далд сурталчилгаа юм.
Тэрбээр нэгэнт Ерөнхийлөгч болохоор шийдчихсэн үедээ Үндсэн хуулийг “өөрчлүүлж” Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил байхаар тусгуулж чадсан. Түүнийхээ хүчээр зургаан жил Төрийн тэргүүний эрх ямбыг эдлэн суув. Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар сайхан дээл хувцастай алхаж, үндэсний тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор одон медаль тараадаг ажилтай энэ хүрсэн нь нууц биш. Хаа нэг намын дүү нар нь үгэнд орохгүй бол албан тушаал, төрийн институцын бүтцийг үл харгалзан ширээ шааж, хоолой шахаж сүрийг үзүүлдэг.
Хэдийгээр тэрбээр “Би хаан биш”, Би сонгогдохгүй” гэдэг ч яг эсрэгээр нь үйлдсээр ирсэн билээ. Өдгөө ч тэрээр хааны дүрээр амьдарч буй. 2017 оноос Ерөнхий сайдын албыг хашиж, залгуулан Ерөнхийлөгч болсон. Үндсэндээ сүүлийн 10-аад жил төрийн өндөр алба хашиж, түмнээс салангид оршив. Энэ хугацаандаа цэрэг цагдаа, хууль шүүх гээд бүхий л чухал албанд өөрийн хүмүүсээ томилчихсон тул хэмжээгүй эрхтэй мэт аягладаг болсон.
Наад зах нь, төрийн зарлангаар татагдан ирсэн цэрэг цэргийн ангидаа амиа алдахад яаран утга найруулга маруухан, өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл гаргадаг Зэвсэгт хүчний жанжин штаб У.Хүрэлсүхэд зориулан 00:57 минутын reel хийж, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.
Кибер аюулгүй байдлын цэрэг ч мөн видео мэндчидсэн түлхсэн. Хэдийгээр Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч боловч төрийн байгууллагыг албан хаягаар ийн доль үсэрсэн, хувийн ашиг сонирхолтой видео оруулах нь дабл стандарт мөн. Ерөнхий сайдын төрсөн өдөр болоход Засгийн газрын тэргүүн гээд Монгол Улсын Засгийн газар харьяа яамдын албан ёсны цахим хаягаар мэндчилгээ дэвшүүлдэггүйтэй л адил , энгийн ойлгомжтой зүйл. Гэвч Ерөнхийлөгчид ёс зүйн наад захын хэм хэмжээ, төрийн албаны дэг журам хамаагүй мэт аяглаж буй нь энэ.
Ерөөс түүний ямар ч үйлдлийг шүүмжлэхээ болиод, харсан ч хараагүй мэт өнгөрдөг нийгмийг өөрөө болон тойрон хүрээлэгчид нь бүтээж чаджээ, өнгөрсөн хугацаанд. Тийм ч учраас У.Хүрэлсүх “Бүх ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн та нарын дээр суугааг битгий мартаарай” хэмээн УИХ-ын гишүүдийг загнаж зандарч, энэ улсад эзэн суусан мэт үг үйлдэл гаргах нь олширсон. Угтаа Монгол Улсын жинхэнэ эзэд нь иргэд, төрийн эрх барих дээд байгууллага нь парламент буюу УИХ.
Түүнийг ийн аяглатал вакуумжуулдаг хийгээд өөрсдөө ч дүрдээ орчихсон яваа хүрээлэл бол ЕТГ-ын нэр бүхий хүмүүс Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн танилцуулга хэлэлцүүлгийн үеэрх ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нарын үг үйлдэл үүнийг улам тодотгоно. УИХ-ын гишүүд ч “ЕТГ-ынхан өөрсдийгөө хааны албат гэж бодож, парламентыг дээрээс харж харьцаж байна” гэдгийг ч хэлсэн.
Ерөөс У.Хүрэлсүх парламентын засаглалтай улсын “хэмжээгүй эрхт” Ерөнхийлөгч болтлоо дархлагдав. Түүний буруу зөрүү юу ч хийсэн шүүмжлэх хүн цөөрсөөр. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ давуулж УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай парламентын дархлаанд халдах эрсдэл бүхий хуулийн төсөл өргөн барьчихаад “Та нар заавал батлах ёстой” гэж ил далд тушааж байхад эмэгтэй, залуу голцуу УИХ-ын гишүүшвээс өөр хүн дуугараагүй.
Төрийн айлчлал, тэмдэглэлт өдрөөс бусад үед ордноос цухуйдаггүй Ерөнхийлөгч энэ хаваржин аймаг орон нутаг, нийслэлийн дүүргүүдээс явж иргэд уулзан, сонгууль угтсан далд сурталчилгаа хийж, өөрийнрөө рейтингийг тандаж байхад хэн ч дуугарсангүй. Хэдийгээр Үндсэн хуулийг хүсэлдэж нийцүүлэн өөрчлүүлэхээр хуурай хүү Н.Учрал, эртнээс хоршсон С.Бямбагцогт нараа Засгийн газар, УИХ-ын толгойд тавьчихсан ч цаг хугацаанд хавчигдсан. Тэгэхээр угаас Путиныг дуурайгч түүнд нийгмийн захиалга гээчийг зориудаар бүрдүүлж, ард нийтийн санал асуулга явуулах санаархал байгааг үгүйсгэх аргагүй юм. Угаас нам, төр бүгдийг атгачихсан хүний цээжинд багтах л бодол.
Тиймээс иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага илүү хэрсүү байх зам үлдэв. Ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоо гурван чухал агуулга өрнөнө.
- ҮХЦ-ийн дүгнэлтийн дагуу Ерөнхийлөчийн тухай хууль дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуульд нийцүүлэхээр УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг заалтад “… зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг агуулга хамт байдаг.
- Түүний санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдана гэснээс хойш нам жим болсон. Энэ хуулиар дамжуулан цөөнгүй УИХ-ын гишүүнийг “барьцаалах” боломжтой тул удах тусам улам төвөгтэй.
- Сонгуулийн санал тоолох автомат машин буюу хар машины диилэнхийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Шаардлагатай төсвийн 30 хувь шийдэгдсэн. Хэрэв энэ оны төсөвт бүтэн сууж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гараар тоолох эрсдэл нүүрлээд буй.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ новш гарч ирснээс хойш Монголчуудын амьдрал нийтээрээ сүйрэл рүү орсон. Хулгайчыг хурдан зайлуулаачээ.
Нийтлэл бичихдээ ядаж Болор дуран ашиглаач. Бөөн алдаа!