ДЦС- 5 төсөлд агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99 хувь бууруулах технологи ашиглана
Төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжин, ажлын байр нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой ДЦС-5-ын газар шорооны ажил эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ДЦС-2-ын хойд талын Үнсний талбайд барихаар ажил эхэлж, өнөөдрийн байдлаар 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил үргэлжилж байна.
Тус төслийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Power China Hebei electric power engineering” компани боловсруулан гүйцэтгэж, 2025 оны 03 дугаар сарын 27-нд Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Мөн НИТХ-ын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25/84 дүгээр тогтоолоор төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Станцын нийт өртөг 658,563 сая ам.доллар байх аж. Ингэхдээ нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь хувийн хэшлийн түншлэгчийн санхүүжилт, 20 хувь нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт байх юм. Түүнчлэн хувийн хэвшлийн түншлэгч 80 хувь байхаас 10 хувь нь өөрийн хөрөнгө, 70 хувь нь 8 хувийн хүүтэй, 12 жилийн хугацаатай зээл байна гэж тооцоолол судалгаандаа дурьджээ. Харин санхүүжилтийг 8.55 жил буцаан төлөх юм байна.
Төслийн хүрээнд цахилгаан, дулааны борлуулалтын орлогын урьдчилсан төсөөллийг боловсруулж хийсэн байна. Тодруулбал, төслийн хүрээний нэг жилийн дундаж борлуулалтын орлого нь ойролцоогоор 176.6 сая ам.доллар байх бөгөөд эхний жилд буюу 2028 онд хамгийн бага орлого буюу 118.6 сая ам.доллар төлөвлөгджээ. Түүнээс хойшхи орлого жил бүр тогтвортой өсөж, 181.8 сая ам.долларын түвшинд тогтворжих тооцоолол хийсэн байна.
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр олон талын ач холбогдолтой. Байгаль орчны талаас тодорхойлбол, утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулна. Мөн эргэлтэт буцламтгай үет шатлалттай /CFB/ төрлийн зуух ашигласнаар хүхэр, азотын дутуу ислийн ялгаралт буурч, мөн агаараар хөргөх технологи ашигласнаар усны хэрэглээ харьцангуй бага байх судалгаа гарсан байна. Түүнчлэн үнс шаарыг жилд дунджаар 300 мянган тонн хэмжээгээр дахин ашиглаж, барилгын материалын үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд болгно ашиглахаас гадна усны дахин борлуулалтын технологиор үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулж, байгалийн усны хэрэглээг бууруулна хэмээн тооцжээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.