Улс төрийн мэдээ

Эрдэнэт медикал эмнэлгийг "завшсан" Ц.Даваацэрэнд 6.9 жил хорих ял оноолоо

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд болж нийтийн албанд 7 жил ажиллах эрхийг нь хасаж, 6 жил 9 сар хорих ял оноосон байна.


Тухайлбал, Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026.06.10-нд шийдвэрлэлээ. Ц.Даваацэрэнг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэсэн 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 7 жил ажиллах эрхийг нь хасаж, 6 жил 9 сар хорих ял оноов. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх юм байна.

Гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан 896 сая төгрөгийг түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Түүний хэргийг хянан шийдвэрлэхэд гарсан 43.2 сая төгрөгийн зардлыг түүгээр төлүүлэхээр боллоо.

Эргэн сануулахад, Ц.Даваацэрэн нь “Ачит-Ихт” ХХК-тай “Эрдэнэт үйлдвэр”-т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас “Эрдэнэт үйлдвэр”-т 2017-2024 онд нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзэв.Тиймээс “Ачит-Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор тус шүүх шийдвэрлэсэн байна.

Энэ юун 110 тэрбум төгрөг болохыг хөндвөл,

Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хүдрийн овоолгыг П.Цагааны “Ачит ихт” ХХК-д өгчихснийг төрийн эзэмшлийн 34 хувиасаа татгалзах замаар авлига авсан хэмээн АТГ шалгаж байв.

2013 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ачит ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээ байгуулж байсан бөол 2015 онд ийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эзэмшлийн 34 хувиас татгалзсан.

Ингээд түүний энэ асуудал дээр “Эрдэнэт медипас” эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 69.9 тэрбумаар бариулсан байхад хувьд өгсөн зэрэг асуудлууд хуулийн байгууллагад боогдож, шалгагдаж ирсэн.

Өнөөдрийг хүртэл төр өөрийн 34 хувиасаа татгалзсанаар хүдрийн овоолго дээрээс “Ачит ихт” компанийн олсон орлогоос хүртэх ёстой байсан орлогын боломжоо бүрэн алдсан хэмээн шүүхээс үзсэн бөгөөд “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан гэж үзэж байсан бол өнөөдөр энэ дүн өнөөдөр 110.5 тэрбум төгрөгөөр тооцогдож байна.

“Ачит ихт” компани 2024 оны байдлаар нийт борлуулалтын орлого нь 535 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.8 орчим их наяд төгрөгтэй дүйцэж байв. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрөө энэ үүсмэл ордыг бий болгоход 500 орчим сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Иймээс тодорхой хувь нь төрд заавал очих ёстой гэж үзэж байв.

Засгийн газар үүсмэл ордыг түшиглэн "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" гэсэн компаниудтай хэлцэл хийх замаар төр эзэмшлийн 34 хувиа тогтоох хэлэлцээрийг албажуулах асуудал намжиж, “Эрдэнэт үйлдвэр” өөрийнхөө овоолгыг ашиглах чиглэлээр төсөл бэлдэж байсан ч Засгийн газрын тогтоолоор зогсоогоод төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барьж цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглаж байгаа бол сонгон шалгаруулалтаар 34 хувийг баялгийн сандаа төвлөрүүлнэ гэж байв.

Гэсэн ч шүүхээс Ц.Даваацэрэнг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын орлого олох боломжийг алдагдуулсан хэмээн үзэж "Ачит ихт" компаниас дээрх 110.5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button