“Солонго-1,2” төслийн эхний ээлжийн 2024 айлын орон сууцны цахим бүртгэлийг ирэх наймдугаар сард эхэлнэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч ашиглалтад ороход бэлэн болжээ. Улмаар энэ сарын 16-ний өдөр "Нийслэлийн хяналт шалгалтын газар"-аас барилга хүлээж авах комисс ажиллалаж 14 хоногийн хугацаагтай үүрэг даалгаварт өгч, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж авахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү 2042 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй, 100 хувь цахимаар явуулах юм байна. “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хороололд иргэдийг хамруулах цахим бүртэл одоогоор явагдаж эхлээгүй бөгөөд ирэх наймдугаар сард цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар ТОСК-иаас мэдээлж байна.
Энэхүү төсөл нь нийт 5002 айлын 66 блок барилгатай байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.