Хөвсгөл аймаг мал, амьтан нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 6-р хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдалтай байна.
Иймд өвчний вирус мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин Хөвсгөл аймагт нэвтрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгуудаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Хөвсгөл аймаг нь одоогоор мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг бөгөөд энэхүү статусыг хадгалах нь нэн чухал байгаа аж. Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох шийдвэрийг мөрдөн хэрэгжүүлж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран идэвхтэй ажиллахыг уриалж байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.