О.Цогтгэрэл: Иргэдийн дунд АН-ын үнэлэмж өндөр байгаа ч сонгуульд ялагдлаа. Луйвардах сүлжээ байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Ингэхдээ "Хэд хэдэн чухал асуудлаар бүлэг хуралдлаа.
Нэг. Орон сууцжуулалтын банк байгуулах асуудал яригдаж байна. Ипотек, залуу гэр бүлийн орон сууцны асуудал бол үеийн үед чухал асуудал байсаар ирсэн. Ардчилсан намын зүгээс ипотекийн хөтөлбөр бол зөвхөн орон сууцжуулалтын асуудал бус олон улсын дэг жаягийн дагуу байхад анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллана. Энэ хуулийн төсөлд анхаарах асуудал байна. Тухайлбал, эрэлтийн талыг хэтэрхий их анхаарч, нэмж, эх үүсвэрийг нэмэгдүүлсэн нь орон сууцны үнийг хөөрөгдсөн. Үнэндээ залуу гэр бүлүүдэд дарамт болдог, үүнд анхаарах шаардлагатай байна.
Хоёр. 2025 оны төсвийн гүйцэтгэлийн асуудал яригдаж байна. 2025 онд маш их хэмжээний төсвийн хязгаарлалттай дүгнэлт, зөрчлүүдийг Үндэсний аудитын байгууллагаас гаргаж, санал дүгнэлтээ өгч байсан. Эдгээр нь хэрэгждэггүй. Цаашид үүнийг ажил хэрэг болгож явах вэ гэдэг анхаарууштай асуудал болоод байна.
Гурав. Өчигдөр аймаг, сумдад нөхөн сонгууль болж өнгөрлөө. Ардчилсан намын хувьд аймгийн түвшинд болсон нөхөн сонгуульд амжилтгүй оролцсон. Сум багийн хүрээнд болсон нөхөн сонгуульд амжилттай оролцсон үр дүнтэй байв. Өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгч байна. Ардчилсан нам тал талын судалгаагаар ард түмний үнэлгээ, рейтинг хамгийн өндөр гардаг. Энэ бол хараат бус байгууллагуудын судалгаа. Гэтэл элдэв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө, албан тушаал, эрх мэдэл, арав гаруй жил засаглаж байгаа төрийн албаны бүтэц гэх зэрэг бүх зүйлс дээр Ардчилсан нам ялагдал хүлээлээ. Ирэх цаг хугацаанд элдэв нөлөө, мөнгөний сүлжээ, хэсгийн төлөөлөгч гэх зүйлсийг задлахын төлөө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг харлаа. Ардчилсан намд итгэж санал өгсөн ард иргэддээ баярлалаа. Цаашид алдсан зүйлс дээрээ анхаарч ажиллахаа хэлье.
Дахин тодотгож хэлэхэд, Ардчилсан намын үнэлэмж өндөр байгаа. Намын даргын хувиар өөрийнхөө талд хэлж байгаа зүйл биш. Хөндлөнгийн байгууллагууд нотолж байгаа. Гэтэл сонгуулийн дүн тэр харьцаагаар гарахгүй байна. Энэ нь сонгуулийг худалдаж авдаг, зохион байгуулдаг схем, халамжийн тогтолцоо суурьтай цэрэгжсэн байгууллагууд олон талаас нь зохион байгууллаа. Улаанбаатарт хэсгийн ахлагч нэртэй 2000 хүн сонгуулийн саналыг зохион байгуулалттай эргүүлэх, луйвардах сүлжээг бий болгосон. Бүгд мэдэж байгаа. Ардчилсан үндсэн хуульд ард иргэд нь төрөө байгуулдаг тогтолцоо хэлбэрийн төдийд, цаасан дээр үлдчихсэн байгааг Ардчилсан нам онцгойлон анхаарна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн тухайд. Ард иргэд Ардчилсан Монгол улсын Ардчилсан Ерөнхийлөгчөөр ямар хүнийг ажиллах ёстой гэж үзэж байгаа шалгуур, шаардлага, цар хүрээг тодорхойлно. Тэр шалгуурт хамгийн ойртож очих хүнийг нэр дэвшүүлнэ. Хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлж ажиллана" гэв.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.