УЛС ТӨРУлс төрийн мэдээ

40 хувийн гүйцэтгэлтэй 10 аймгийн ДС дампуурсан компани, АТГ-ын сүржин баривчилгаанд хулхидуулан үлдэв

10 аймаг төвийн дулааны станцтай болох төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх АТГ-ын сүржин мэдэгдэл, баривчилгаа хөөс болон замхрах уу.

Сүрийг бадрааж, |2026-01-14|-ний өдөр ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг баривчилж, эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. 21 газарт нэгжлэг хийж Н.Тавинбэх нарын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан. Мөн дээрх хэрэгт холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямааг гадуур шалгасан. Уг баривчилгаа, шалгалтаар Н.Тавинбэх, П.Товуудорж нар хоёр сар орчим хоригдож, сүүлийн зургаан сарын туршид хуулийн байгууллагаас салаагүй. Гэтэл хэрэг прокурорт шилжмэгц 360 градус эргэж, П.Товуудорж, Б.Нямаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хасаж, Н.Тавинбэхийг дангаар нь яллаж шүүхэд шилжүүлжээ. Хачирхалтай нь Н.Тавинбэхийг анх шалгаж, тогтоосон 10 аймгийн ДЦС-ын хэргээр бус өөрийн жолоочийг Эрдэнэтийн ДС-ын төсвөөс цалинжуулсан агуулгаар ялласан гэх.

Угтаа тэднийг дараах зүйл ангид холбогдуулан шалгаж байв.

Эрүүгийн хуулийн 22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ташрамд дурдахад,

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьж, яамныхаа ТНБД-аар үлдэж байсан.

П.Товуудорж: Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй.

Харин Б.Нямаа бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх болон Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтэст олон жил ажиллаж байсан нэгэн юм.


Дампуурч байгаа компанид 10 аймгийн ДС-ийг даатган, хулхидуулж, 7 жилд ₮2 тэрбумын хүү төлөв, бид

Үзэглэсэн үеийнхээрээ бол баригдаж, ашиглалтад ороод 10 аймаг дулаан бүлээн байх байлаа. Гэтэл өдгөө барилгын ажил 40 хувьтай, шалгарсан компани нь дампуурчихсан, хөрөнгийг нь завшсан байж болзошгүйгээр шалгагдаж байсан нөхөд нь гэм буруугүй болоод өнгөрөх нюанс өрнөж байна. Үлдсэн 60 хувийн гүйцэтгэл, алдагдсан боломжийн өртгийг хэн хариуцах вэ?

БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох төсөл “Бьюксан инженеринг” компанийн гараар орж, ганзагаар гээгдсэн тухай хүргэж байна.

Төвийн дулааны системд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгуудыг холбоно гэх мэдээг 2019 онд бид дуулж байв. Уг төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын хоёр/ KDHEC, KDHC/ , Монголын нэг /Грийн энержи интернэшнл/ ААН-үүд есөн сая гаруй ам.доллароор үзүүлнэ гэж гэрээ байгуулсан. Харин гүйцэтгэгчээр “Бьюксан инженеринг” компани 2021 онд шалгарсан. Тус компанийн хувьд 1979 онд байгуулагдсан. Барилга угсралт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчны үйлдвэрлэл гэх мэт инженерийн төслийн үйл ажиллагааны чиглэлтэй.

Төсөлд гарын үсэг зурсан нь /2021 оны 12 сар/ : Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хон болон бусад албаны хүмүүс

Угтаа хоёр жилийн хугацаанд барьж байгуулна гэж гэрээлсэн ч "Ковид-19" тахлын улмаас ажил хойшилсоор “Бьюксан инженеринг” компанитай байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний хүчинтэй хугацааг 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Үүнийг Н.Тавинбэх Эрчим хүчний сайд байхдаа шийдвэрлэсэн байна.

Гэтэл одоогийн байдлаар барилгын ажил зарим аймагт 40 орчим хувьтай буюу дөнгөж суурийг нь тавиад зогсчхож.

Харин “Бьюксан инженеринг” компани модоо барьж, дампуурч буй компаниудын жагсаалтад багтаж, шүүхийн шийдвэрээ хүлээж байна. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан байна. Нэг үгээр хэлбэл, БНСУ-ын шүүхээс дампуурлыг нь зарлах уу, эсвэл дахин хөл дээрээ босох боломж, хугацаа олгох уу гэдэг шийдвэрээс дээрх аймгуудын дулааны станцын хувь заяа шийдэгдэх боллоо.

Зээл 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх нөхцөлтэй. Гэтэл өдгөө “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байна.

Яагаад “Бьюксан инженеринг” компанийг эл ажилд сонгох болсон талаар судлахад 10 аймгийн төвд дулааны цахилгаан станцын төсөл нь Солонгосын Эксим банкны экспортын зээл учраас Солонгос компаниудын дунд тендер зарлах нөхцөлтэйгөөр олгогдсон. Үүний дагуу 2021 онд тендер зарлагдаж, "Бьюксан Инженеринг" компани шалгарсан гэх мэдээлэл олдож байна.

Ажил урагшгүй хэр нь бид зээлийн хүү төлсөөр буй тул Монголын талаас Солонгосын "Кореа Эксим" банкны төлөөллүүдтэй хоёр удаа уулзалт хийсэн байна. Улмаар Солонгосын талын буруугаас шалтгаалж зээлийн хүү гүйж буй нөхцөлийг зогсоох хэлэлцээр явуулъя гэв. Гэхдээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр аль нэг талдаа гараад энэ компани гүйцээх үү эсвэл хэрэгжүүлж байсан төслийг одоо байгаагаар нь үнэлээд үлдсэн ажил дээр нь шинээр тендер гаргах уу гэдгийг шийднэ. Гэтэл одоогоор хуулийн процесс урагшгүй, бид зээлийн хүүгээ төлсөн хэвээр. Орон нутгууд өөрийн төсвөөрөө хугас баригдсан ДС-уудаа тордож буй нөхцөл байдалтай байгаа юм.

Хэрэв шүүх “Бюксан инженеринг”-ийн дампуурлыг зарлавал тус улсаас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ирж, ерөнхий гүйцэтгэгчийн тендерийг дахин зарлаж өөр аж ахуйн нэгжийг шалгаруулж, үйл явц эхнээсээ хөвөрнө гэсэн үг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баривчилгаа сүртэй эхлээд үр дүнгүй дуусдаг нь хэвийн үзэгдэл болжээ

Зочин
Зочин

Олон жил хүлээлгэсэн аймгууд хамгийн их хохирч байна

Зочин
Зочин

Аймгийн иргэд дулааны станцаа хүлээсээр л байна даа

шударга бай
шударга бай

ХУУЛИЙН байгууллагууд дампуурсан. Ерөнхийлөгч хүрэлсүх хадгаламж банкний КАЗИНООГИЙН 14 тэрбумын хэргээр барьцаанд ороод хуулийнханы эсрэг үг хэлэх ч зүрхгүй болжээ.

Зочин
Зочин

40 хувьтай зогссон төслийн хариуцлагыг хэн хүлээх вэ

Зочин
Зочин

Зээлийн хүү төлөөд ажил нь урагшлахгүй байгаа нь харамсалтай

Зочин
Зочин

Төсөл хэрэгжүүлэх чадвартай компанийг сонгох ёстой байсан

Зочин
Зочин

Хэрэг үнэхээр гэмт хэргийн шинжгүй байсан эсэхийг ил тод тайлбарлах хэрэгтэй

Зочин
Зочин

Татвар төлөгчдийн мөнгө ийм байдлаар үрэгдэх ёсгүй

Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр хурдан гараасай

Зочин
Зочин

40 huvitai zogsson geheer uneheer haramsaltai

Зочин
Зочин

Zeeliin huu tulsuur baigaad ur dun alga

Зочин
Зочин

Ene tosliig duusgah todorhoi shiidel heregtei

Зочин
Зочин

Ayamguudiin hugjliig olon jil hoish tatsan yum baina

Зочин
Зочин

Tosviin mungiig iluu hyanaltai zartsuulah heregtei

Зочин
Зочин

40 huviin guitsetgeltei geheer barag taldaa ch hureegui baina

Зочин
Зочин

Uvsiin ulun buus guilagchin

Холбоотой мэдээ

Back to top button