НИЙГЭМНийгэм мэдээ

Р.Сэддорж cонгууль угтан, малчдыг боловсролоос "холдуулах" хууль батлуулахаар зүтгүүлж байна

УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилсан, нэр бүхий 35 гишүүн дэмжиж гарын үсгээ зурснаар өргөн мэдүүлсэн малчин өрхийн хүүхдийг I, II ангид нь цахимаар сургаж, гуравдугаар ангиас нь танхимаар үргэлжүүлэн сургах агуулга бүхий хуулийг ТББХ-оор хэлэлцэн дэмжив.

Өнгөрөгч хоёр болсон Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцсон иргэд, малчин эцэг эхчүүд "Ийм хууль амьдралд нийцэхгүй. Сургууль завсардалт, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэх эрсдэлтэй" гэж хэлсээр байтал хажуугийн танхимд нь гишүүд дэмжсэн кноп дарчихлаа.


Тэгэхээр хуулийн үр нөлөөг хүртэгч гол хүмүүсийнхээ дуу хоолойг сонсохгүй, яг эсрэгээр нь үйлдэх юм бол энэ хууль хэнд зориулагдсан бэ гэдэг асуулт үүснэ. Ерөөс улстөрчдийн сонгуульд зориудлан "үйлдвэрлэлд" оруулж буй хуулиудын нэг гэж харж болохоор байна.

Малчдын хамгийн эмзэг сэдэв үр хүүхдийнх нь сурах эрх дээр дөрөөлж, асуудлыг нь шийдсэн "баатрууд" болж, сонгуулиар санал цуглуулах тактик. Яг ийм зорилгоор баталсан Малчны тухай хууль батлагдаад хоёр дахь жилээсээ "эвдэрчихээд" байна.

Хүүхдийг зургаан настай сургуульд оруулах нь хөдөө орон нутгийн амьдрал ахуйн онцлогт нийцэхгүй байгааг хэн хүнгүй ярьдаг. Гэхдээ А үсэг үзэж, анхлан сурч байгаа хүүхдийг алсын зайнаас сургана гэдэг учир дутагдалтай. I,II анги гэдэг бол бага боловсрол эзэмших хугацааных нь тэн хагас гэсэн үг.

Р.Сэддорж гишүүн УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог буюу Говийн бүсээс сонгогдсон. Тойргийнх нь иргэд сонгогчдоос энэ асуудлыг тавьдаг нь мэдээж. Гэхдээ гуравдугаар анги хүртлээ "бие дааж" боловсрол эзэмших механик аргыг "тулгаж" боломгүй.

Хуулийн төсөлд

  • 4.8.Малчин өрхийн тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг ЕБС-д элсүүлэн малчин эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн нэг хоёрдугаар ангийн сургалтад гэрээр, зайн болон цахим хэлбэрээр хувилбарт сургалтад хамруулж болно.
  • 4.9.Энэ хуулийн 4.8-д зааснаар сурч байгаа малчин өрхийн хүүхдийн нэг, хоёрдугаар ангийн сургалтыг Боловсролын ерөнхий хуулийн 8.2-т заасан сургалтын хэлбэрээр тус хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зохион байгуулна.
  • 4.10.Энэ хуулийн 4.9-д заасан зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг гуравдугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургана гэж тусгасан.

Хэдийгээр эцэг эхийн санал хүсэлтийг үндэслэнэ гэж байгаа ч хууль нэгэнт батлагдчихвал цөөнгүй хүүхэд цахим хичээл нэрийн цаана эрдэм боловсролоос алсрах эрсдэл үүснэ гэсэн үг.

Малчны хотонд цаг зав болоод интернэт сүлжээ, компьютер техникийн боломж хангалттай биш. Гэрт гадаах ажилдаа хүрэлцэхгүй хүн бүл муутай малчид цахим хичээлийн турш хүүхдэдээ санаа тавьж чадахгүй. Өвөлжөө, хаваржаа сэлгэн нүүх бүрд нь интернэт бүлжээ байх эсэх нь тодорхойгүй.

Ингэхээр наанадаж хичээлийн хоцрогдол үүснэ. Тэр хэрээр сургууль завсардалт нэмэгдэх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Одоо ч Монголын сурагчид ковидын үеийн, ковидын дараах болон багш нарын ажилтын үеийн гурван удаагийн томоохон хичээлийн хоцрогдолтой яваа. Яаралтай энэ хоцрогдолыг арилгах хэрэгтэй байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан хэлсээр байгаа.

Цаашлаад гуравдугаар ангид орж, танхимын сургалт руу шилжихдээ үеийнхэнтэйгээ ижил түвшинд байж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Үүнээс улбаалан өнөөгийн нийгэмд тулгамдаад буй үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх эрсдэлтэй гэдгийг малчид, эцэг эхчүүд сонсголын үеэр хөндсөн.

Тэгэхээр хууль санаачлагчдын яриад байгаа шиг шинэ цагийн залуу малчдыг бэлдэх, малчдын залгамж халааг бүрдүүлэхээс илүү махлчны хүүхдийг боловсролоос "холдуулсан" шийдэл болох эрсдэлтэй байна_

Статистик  мэдээллээс харвал, 2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны нийт хүүхдийн 5.5 хувь нь, дунд ангид хамрагдвал зохих 11-14 насны нийт хүүхдийн 7.4 хувь нь сургуульд хамрагдаагүй байна. Энэ нь 6-14 насны нийт хүүхдийн 4.6 хувь нь сургууль завсардсан үзүүлэлт аж. Шалтгааныг нь авч үзвэл хөдөө орон нутагт газар зүйн байршил алслагдмал, мал маллах, ажил хөдөлмөр эрхлэх, хурдан морь унах зэрэг давамгайлжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийн боловсролоор туршилт хийж болохгүй шүү

Зочин
Зочин

Malchin huuhed geheer baga bolovsrol avah erkh ni oor baih yosgui

Зочин
Зочин

Эцэг эхээс нь асуулаа гээд зөв шийдэл болчихгүй

Зочин
Зочин

Internetgui gazar tsahim surgaltiin talaar yarih ni hetsuu sanagdaj bn

Зочин
Зочин

Ковидын үеийн хоцрогдлоо ч нөхөж амжаагүй байхад дахин эрсдэл нэмэх хэрэг байна уу

Зочин
Зочин

Songuuli oirtohoor malchdaa sanadag ulsturchid ih boljee

Зочин
Зочин

Малчдын хүүхдүүд хотын хүүхдүүдтэй адил боломж эдлэх ёстой

Зочин
Зочин

Ene huuli heregjvel surguuli zavsardalt nemegdeh vii dee

Зочин
Зочин

Гуравдугаар ангид шууд орж ирээд дасан зохицох амаргүй байх

Зочин
Зочин

Bagshgui surah gej yu baihav dee anhnii 2 angi hamgiin chuhal

Зочин
Зочин

Анхан шатны боловсрол хамгийн чухал үе шүү дээ

Зочин
Зочин

Malchid oorsdoo eserguutsej baihad sonsoh heregtei

Зочин
Зочин

Сонсгол дээр хэлсэн иргэдийн саналыг үл тоосон юм биш үү

Зочин
Зочин

Боловсролын чанар буурах вий гэж санаа зовж байна

Зочин
Зочин

Энэ хууль бодит нөхцөлд хэр ажиллах нь эргэлзээтэй юм

Зочин
Зочин

Hotiin hunii sanaand zohioson shiidel shig haragdaj bn

Холбоотой мэдээ

Back to top button