НИЙГЭМНийгэм мэдээ

Сургуулийн спорт заалуудыг чөлөөлж, хүүхдүүддээ нээнэ гэсэн Н.Учрал сайдын "амлалт" хэрэгжихгүй байна гэв

Ерөнхий сайд Н.Учрал тавдугаар сард зуны амралт эхлэхээр Монгол орон даяар сургуулиудын бүх спорт заалыг нээж хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг бий болгоно хэмээн захирамж хүртэл гаргасан. Тодруулбал, "Зун цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүддээ чөлөөлж өгье. Салбарын сайд нар яаралтай арга хэмжээ ав" хэмээн Н.Учрал сайд хэлж байв.

Харамсалтай нь түүний гаргасан захирамж хөрсөн дээрээ буухгүй байгаа талаар сурагчид цахим сүлжээнд бичиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Дундговь, Дархан-Уул аймгийн удирдлагууд ажил хэрэг болгосон байна. Энэ талаар Ерөнхий сайдын хуулийн зөвлөх хуульч О.Батхүү: "Сургуулийн заалыг нэг бол цоожлоод алга болдог, үгүй бол томчуудад түрээслүүлж мөнгө олдог байдал хавтгайрсан. Заал авья, тоглоё гэсэн хүүхдийг хөөж туудаг. Энэ зөвхөн улсын сургууль ч биш хувийн сургуулиуд хүртэл ийм жишиг тогтоод удаж байгаа. Хичээл тараад хүүхдүүдэд очих газар алга. PC орно, гадуур тэнэнэ, гэртээ ороод утас ухна. Дагаад хөдөлгөөний дутагдалд орох, хараа муудах, таргалах гээд асуудал үүснэ.

Сүүлийн 30 жил бид хүүхэддээ дэндүү муухай хандсан. Зуслангаас эхлээд гаднах талбайг сургуулийн захирал нь зарж идсэн жишээ олон бий. Үр дүнд нь хүүхдүүд гудманд хаягдсан. Засгийн газраас зуны улиралд сургуулийн заалыг хүүхдэд нээлттэй, чөлөөтэй ашиглуулах захирамж гаргасныг Дархан-Уул болон Дундговь аймгууд ажил хэрэг болгоод эхэлж. Үүнийг бусад аймгууд тэр дундаа Улаанбаатар хотод ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай байна.

Ирэх намраас заалны түрээсийг зогсоож, хичээл тараад юм уу, хагас бүтэнсайнд заал чөлөөтэй ашиглуулах чиглэлд шийдвэр гарах байх. Нөгөө талдаа хүүхдүүд заалаа ариг гамтай ашиглах, заалыг тусгайлан харж хандах хүнтэй болгох, тэр хүний цалин мөнгийг шийдэх зэрэг бага сага асуудал бий. За тэгээд хүүхдийн төлөө за гэсэн бол заавал хийдэг байхын тулд дээр дооргүй хичээх цаг иржээ" хэмээн бичжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button