Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй Б.Батбаатар ИЗНН-аа авч үлдэж чадах уу
УДШ-ээс ИЗНН-д маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэмтэй болоод, мэдүүлэх хугацаа олгосон нь өнөөдөр дуусаж байна.
|2026.06.27|-нд тус намын Үндэсний чуулган болж өндөрлөв. Уг хуралдаа намын даргын тамгыг нь булаацалдсан Р.Батболдыг урьсан ч тэр ирсэнгүй. Тэрбээр "Би ИЗНН-аас хөөгдөөгүй, намын дарга хүн. Чадамжгүй Улс төрийн зөвлөлийн хуралд нь очихгүй" хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн билээ. Улмаар ИЗНН-ын Үндэсний чуулганд Б.Батбаатарыг дагагч нөхөд болоод 21 аймаг, есөн дүүргээс тус намыг дэмждэг иргэд чуулсан юм. Б.Батбаатарын мэдэгдэж буйгаар нийт 1200 орчим хүн цуглаж, маргаанаа хэлэлцэж, дүрмээ тогтсон байна.
ИЗНН дотооддоо зодолдсоор Н.Учралын Засагт багтаагүй, УДШ-ээс дүрмийг нь дөрвөн удаа буцаасан ч Б.Батбаатар Ерөнхийлөгчид дэвших мөрөөдлөө дөрвөн сарын өмнө зарласан. Удалгүй өөрөө урьж залж намдаа авч ирж, бүр ЕНБД-аар томилж, УИХ-ын гишүүний суудалд хөтөлж оруулсан Р.Батболддоо тамгаа булаалгахдаа дөхөж, арга барахдаа намаасаа хөөчихсөн. Түүнийг |2026.04.22|-ны өдрийн ИЗНН-ын Дүрмийн хорооны хурлаар Намын дүрмийг ноцтой зөрчсөн, Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан, Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Гэлээ ч УДШ-ээс тав дахиа дүрмээ буцаалгасан Б.Батбаатар түүнийг саях Үндэсний чуулгандаа урьсан ч ирээгүй байдаг. Өдгөө Р.Батболдын гишүүний бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж буй. Учир нь тойргоос бус намын жагсаалтаар сонгогдон ордны хаалгаар нэвтэрсэн нэгэн юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд ИЗНН-аас жагсаалтаар 12 хүнийг дэвшүүлсэн бөгөөд үүнээс ИЗНН-ын дарга Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира нар УИХ-ын гишүүн болсон. Хэрэв УДШ дэх маргаан нэг тийш гарч, Б.Батбаатарын талд шийдвэр гарвал түүний хүч зузаарна. Энэ үест Р.Батболд намын даргатайгаа учраа олж, намдаа эргэн нэгдэхгүй бол хөөгдөнө. Ингэснээр УИХ-ын гишүүн Р.Батболдын оронд ИЗНН-ын жагсаалтын тавдугаарт бичигдсэн тус намын Дэд дарга, Ногоон хөгжил, хот суурин газрын хөгжлийн бодлого судлаач, доктор Т.Бат-Эрдэнийг УИХ-д оруулж ирэх нөхцөл үүснэ гэсэн үг юм.
Эргэн сануулахад, Өнгөрсөн хугацаанд Б.Батбаатар арга ядахдаа УИХ-ын даргад Р.Батболдын буй байнгын хорооноос нэрийг нь хасаж, өөрийнх нь нэрийг багтаах ядмагхан үйлдэл ч хийгээд амжсан билээ.
Б.Батбаатарт одоо намынхаа тамгыг Р.Батболдоос хамгаалах, Ерөнхийлөгч болох мөрөөдлөө ярьж явахаас илүүтэйгээр ИЗНН-аа авч үлдэх, 2027, 2028 оны сонгуульд сойх хүнд даалгавар бий.
Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газарт багтаж сайдын сэнтийд сууж байсан тэр Н.Учралын Засгийн газарт дотоод хэрүүлээсээ болж хамтрах нь битгий хэл "урилга" ч аваагүй. Хоёр Засгийн газар БОУАӨЯ-ыг хар толгойгоороо хариуцаж явахдаа ер олигтой юм хийгээгүй, өмнөх сайд болох "С.Одонтуяагийн хүмүүс яамаар нэг байна. Ажил хийж чадахгүй байна" гэх зэргээр шалтаг тоочсоор дууссан байдаг.
Р.Батболдын дарга болох санаархал Б.Батбаатарын "арчаагүйгээс" л үүдсэн. Дүрмээ нэг, хоёр удаа ч бус дөрвөн удаа УДШ-д бүртгүүлж чадаагүй түүнийг унагах нь хялбар харагдсан нь лавтай. Одоо Б.Батбаатар УИХ-ын чуулган дээр намынхаа сүлд дууг тоглуулж, түмний элэг доог болж суухаас илүүтэй намаа бүтэн, бүлээн байлгахад анхаарах хэрэгтэй байна. Дотоод маргаанаа нэг тийш нь гаргаж, УДШ-д бүртгэгдэх чухал байна. Бүтгүүлж чадахгүй бол, Ерөнхийлөгчид өрсөх мөрөөдлөөс нь гадна 2027, 2028 оны сонгуулийн үеэр ИЗНН байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх дээрээ тулна. Эл шийдвэрийг УДШ гаргана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЗНН дотоод асуудлаа эхлээд цэгцлэхгүй бол цааш явах хэцүү дээ
Batbaatar ehleed namaa neg bolgoj chadah heregtei
УДШ ямар шийдвэр гаргахыг л хүлээх үлдлээ
Dotood heruultei namd itgeh hund l bh daa
Хэн нь зөв хэн нь буруу гэдгийг баримтаар нь л шийдэх хэрэгтэй
Ene bol uls turiin erh ashgiin l temtsel shig haragdaj bn
Намаа авч явж чадахгүй байж улс орныг удирдана гэдэг амаргүй
Ymar ch baisan songogchdiin itgeliig aldaad bh shig
Дотоод эв нэгдэл хамгийн чухал байдаг даа
Batbold Batbaatar 2 uchraa olohgui bol hohiroh ni nam
Ийм маргаан олон нийтэд таатай харагдахгүй
Er ni huuliin daguu l shiideh heregtei
Ерөнхийлөгчийн тухай ярихаас өмнө намын асуудлаа шийдсэн нь дээр
Durem ni hurtel butgehgui bgaa ni asuudaltai yum
Хоёр тал буулт хийж чадвал намдаа хэрэгтэй
Ямар ч хэрэггүй нам, ямар ч хэрэггүй 4 гишүүн кк.