УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаан 13.38 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Жавхлан, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, А.Ганбаатар, С.Зулпхар, Э.Одбаяр, Н.Учрал  нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан байлаа. Уг тайланг сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Ц.Уртнасан, Н.Мягмар нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж, Байнгын хороонд ирүүлсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” 06 дугаар тогтоолыг баталж, 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг томилсон.

Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас буюу (parliament.mn)-т байршуулж, сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудас бүхий зарыг Улсын Их Хурлын цахим хуудсанд 14 хоногийн хугацаанд байршуулсан хэмээгээд, 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсныг тодотгов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана.” гэж заасны дагуу 2026 оны 06 дугаар сарын 26-ний өдөр сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргажээ.

Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигч Ц.Уртнасан, Н.Мягмар нарыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир асуулт асууж, хариулт авсаны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэж, мөн 21.5.2 дахь заалтад Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал 7 хүнийг нэр дэвшүүлэхээр тус тус заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоосон боловч гишүүдийн ирц хүрээгүй тул зохион байгуулагдаагүй. Иймд товыг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

Тогтоолын төсөлд Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг сонгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Энхтуяа нарын УИХ-ын 65 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button