Г.Дамдинням 4-р сард гарсан тогтоолыг саяынх мэтээр зарлаж, төсөвт ирэх 500 тэрбум замхарна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан талаараа зарлав. Уг нь 3-р сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, батлуулсан.
Ингэснээр шатахууны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн гэсэн үг.
2018 оноос АИ 92, АИ 80 бензинийг онцгой албан татваргүй болгож, 2022 онд мөн УИХ-ын өргөн барьсан Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ, цогц төлөвлөгөөний хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын тав хүртэлх хувьд зохицуулалт хийх шийдвэр гаргасан юм.
Мөн л ялгаагүй гаалийн татварын зохицуулалт хийх эрхийг Засгийн газар өөр дээрээ авч байв. Энэ нь дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар өөрөө зохицуулахаар болж байсан гэсэн үг.
Түүнчлэн 2024 онд ч мөн автобензин, дизель түлшний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлж, нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд шат дараатай олон арга хэмжээ авсны нэг нь 2025 оны төсвийн төсөлд зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын 2025 оны 1-р сарын 1-ийг хүртэл 0 төгрөг болгож байсан удаатай. Засгийн газрын тогтоолын төсөлд тусгаж оруулж ирсэн юм.
Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцах үеэрээ бүтээн байгуулалтын ажлыг яаравчлуулж 2027 он гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгч байсан. Улмаар Энэтхэгийн ЭКСИМ банкнаас дахин санхүүжилт татах ажлыг зохион байгуулж, улсын төсвийн гадаад өрийн таазыг хэтрүүлсэн. Гэтэл 2028 онд уг үйлдвэр ашиглалтад орно гэдэг.
Он цагийг харвал, ерөөс өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг авч шальсан зүйл сүүлийн жилүүдэд бага. Уг нь газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын орлого гэж улсын төсөвт жилдээ 400-500 орчим тэрбумыг төвлөрүүлдэг.
АИ-92 автобензинээс жилд ойролцоогоор 100 тэрбум төгрө, Дизель түлшнээс жилд ойролцоогоор 300 тэрбум төгрөг буюу сард АИ-92-оос 9 орчим тэрбум, дизель түлшээс сард 25 орчим тэрбумыг төвлөрүүлэх боломжтой.
Ерөнхий сайд, Аж үйлдвэрийн сайд болгон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч дотоодын ААН-үүдийг гаалийн болон онцгой албан татвараас нь чөлөөлсөөр ирсэн. Хариуд нь бид шатахуундаа дугаарлаж, улсын төсөвт ч нөхөөс үүсэж, иргэдийн татвараар улс төсвөө бүрдүүлсээр байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.